АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц Спратлийн бүлэг арлын дунд Хятадын байгуулж байгаа хиймэл арлууд руу дөхөж очжээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Эштон Картер энэ мэдээлэл үнэн болохыг баталгаажуулсан байна. Тэрээр олон улсын хуулийн дагуу нислэг үйлдэх, хөлөг онгоц далайн тээвэр хийхийг зөвшөөрсөн бүх нутаг дэвсгэрт АНУ-ын засгийн газар нисдэг тэрэг, хөлөг онгоцоо илгээсээр байх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Картерийн ярианаас үзвэл ирэх саруудад АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц хиймэл арлуудын ойролцоо дахин ойртож очиж магадгүй байна. Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын тэнгисийн цэргийн "Лассен" хөлөг онгоц Хятадын байгуулж байгаа хиймэл аралд 12 миль зайд дөхөж очсон юм. Олон улсын Далайн эрхийн конвенцийн дагуу улс орнууд эргээсээ 12 миль өргөн бүсийг өөрийн эзэмшил ус хэмээн тооцохыг зөвшөөрдөг.
Харин Хятадын нутаг дэвсгэрийн усыг тус улсын байгуулсан хиймэл арлуудаас эхлэн тооцох ёсгүй хэмээн АНУ үзэж байгаагаас үүдэн хоёр тал санал зөрөлдөөд байгаа юм байна. Хятадын байлдааны хөлөг онгоцууд хиймэл арлуудын ойролцоо дөхөж очсон АНУ-ын "Лассен" хөлөг онгоцонд анхааруулжээ.
Түүнчлэн Хятадын Гадаад яам америкийн байлдааны хөлөг онгоцны Өмнөд Хятадын тэнгист хийсэн үйлдэлтэй холбогдуулан АНУ-д цаашид ийм үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа. Хятадын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, америкийн “Лассен” байлдааны хөлөг онгоц Спратли арал орчим хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тус улсын усан хилийг зөрчсөн болохыг цохон тэмдэглэж, далайн болон агаарын тээврийн хөдөлгөөнд хяналт тавих гэх мэт шалтгаанаар БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд, аюулгүй байдалд заналхийлэхийг Хятад улс тэвчихгүй гэдгийг онцолсон. Өмнөд Хятадын тэнгист үүссэн одоогийн хурцадмал байдлыг талууд энхийн яриа хэлэлцээний замаар олон улсын хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг НҮБ уриалсан байна.
| Хятадын хиймэл арлууд руу АНУ-ын хөлөг онгоц дөхөж очжээ | ||
| Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.