Шууд Chart

Йеменд эмнэлэг агаарын цохилтонд өртжээ

2015-10-28 16:30:36

Йемений хойд нутагт орших "Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллагын эмнэлэг агаарын хэд хэдэн цохилтонд өртөж сүйрчээ. Саудын Араб тэргүүтэй эвслийн Йемений босогчдын эсрэг явуулж байгаа агаарын ажиллагаанаас үүдэн эмнэлэг сүйрсэн хэмээн "Хил хязгааргүй эмч нар" мэдээлсэн байна.

Даваа гарагт эмнэлгийг хэд хэдэн удаа бөмбөгдсөн байна. Эхний цохилт тухайн үед хоосон байсан эмнэлгийн захиргаа байрладаг жигүүрийг оножээ. Хоёр дахь цохилт болох үеэр эмч өвчтөн нийлсэн 12 хүн барилгыг бүрэн чөлөөлсөн байсан учраас азаар хүний амь эрсдээгүй байна. "Хил хязгааргүй эмч нар" байгууллага ийнхүү агаарын цохилтод дахин нэг эмнэлэг өртсөн явдлыг эрс шүүмжлэн, агаарын ажиллагаа явуулж байгаа эвслийнхэн энгийн иргэдийн амь насыг үл ойшоож байгааг энэ удаагийн агаарын цохилт тод харууллаа гэж мэдэгджээ.

Эмнэлгийн байршлыг эвслийн цэргийнхэнд удаа дараа мэдэгдсэний хажуугаар энд эмнэлэг байна гэдэг таних тэмдгийг дээвэр дээр нь тод дүрсэлсэн байхад ямар ч шалтгаангүйгээр агаарын цохилтонд өртөх болсон талаар Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн тайлбар хийхийг "Хил хязгааргүй эмч нар" байгууллага шаардсан байна.

Энгийн иргэд, эмнэлэг бөмбөгдөх нь олон улсын хуулиар дайны гэмт хэрэгт тооцогддог юм. Агаарын цохилтод өртөн сүйрсэн энэ эмнэлэгт өнгөрсөн тавдугаар сараас хойш 3,400 өвчтөнг эмчилсэн байна. Харин Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн өөрсдийнх нь онгоц тус эмнэлгийг бөмбөгдсөн гэх Хил хязгааргүй эмч нар байгууллагын мэдэгдлийг няцааж байна. Цаашдын мөрдөн шалгалтаар дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болно хэмээн тус эвслээс үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Йеменд эмнэлэг агаарын цохилтонд өртжээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй