Шууд Chart

Улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр бууруулна

2015-10-28 17:34:58

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Болороор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Сангийн яамны холбогдох ажилтнууд оролцсон юм. 

2015 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд болон байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголтой холбоотой санал, дүгнэлтүүдээ тус байнгын хороонд хүргүүлээд байсан. Мөн Төсвийн байнгын хорооноос 10 дугаар сарын 14-ны өдөр байгуулагдсан Монгол Улсын төсвийн тодотгол, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Монгол Улсын хууль, нэгдсэн бодлогод нийцүүлэн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийн зохистой тэнцвэрийг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төсөвт тусгуулах талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж энэ оны төсөвт тодотгол хийх тухай саналууд гаргасаныг ийнхүү байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм.  Ажлын хэсгийн гаргасан, санал дүгнэлтийг тус ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, Засгийн газраас орлого буурсан учраас алдагдлыг таван хувьд барьж төсөвт тодотгол хийх төслийг өргөн барьсан. Ажлын хэсэг дээр хэлэлцээд төсвийн тодотголыг Засгийн газрын өргөн барьснаар буюу алдагдлыг таван хувьд барьж төсвийн тэнцвэрийг хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ дахь АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс орлого буурсан учраас шинээр зардал нэмэхгүй байх, МАН-ын бүлгээс цалин бууруулахаас бусад хэлбэрээр зардал нэмэхгүй байх нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтүүд ирүүлсэн талаар мэдээлсэн. Энэ дагуу тодотголтой холбогдуулан байнгын хороодоос гаргасан зардал нэмэгдүүлэх саналууд татагдсан болохыг хэлэв.

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар дээрх санал, дүгнэлтийг баталгаажуулж, байнгын хороодоос гаргасан саналуудыг татан авч байгаа тухай мэдээлэл хийсэн. Мэдэгдлийн дараа төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ч.Амаржаргал, Д.Дэмбэрэл нарын гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийв.

Ингээд байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр бууруулах, Улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох /бичиг хэрэг, тээвэр, шатахуун, холбоо, хэвлэл зэрэг../ урсгал зардлыг дахин 15-20 хувиар бууруулах замаар нийт 8.089.8 сая төгрөгийн зардал бууруулах зэрэг саналууд гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан. Харин төрийн өндөр албан тушаалтантай адилтгах зэрэг зиндаанд хамаарахгүй сум болон багийн Засаг дарга, УИХ-ын гишүүний туслах зэрэг улс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулахгүй байх санал дэмжигдсэн хэдий ч Д.Дэмбэрэл гишүүний гаргасан төсвийн тодотголд хасч тусгагдсан төрийн албан хаагчдын цалингийн дүнгээр төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх буюу төрийн аль ч албан хаагчдын цалинг хасахыг эсэргүүцсэн санал мөн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Үүгээр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

 


Улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр бууруулна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй