Шууд Chart

Зарим хиамны үйлдвэрүүд зориулалтын бус хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг

2015-10-28 17:50:07

Хиам, гахайн утсан мах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, хүн өдөрт 50 граммаас дээш хиам, зайдас идээд байвал хавдраар өвчлөх магадлал 18 хувиар нэмэгддэг байна.

Манай улсын иргэд өдөр тутмын хүнсний хэрэглээндээ хиам болон утсан гахайн махыг өргөн хэрэглэдэг. Тэгвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг “IRC” олон улсын судалгааны байгууллага энэ төрлийн хүнс хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Улсын хэмжээнд өнөөдөр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 152 аж ахуйн нэгж газар, хиамны 84 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл манай үндэсний үйлдвэрлэгчид хиам, зайдас хийхдээ хэчнээн төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгааг бид тодрууллаа. Хамгийн сүүлд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 36 хиам үйлдвэрлэгч компанид шалгалт хийхэд зарим компани хиам үйлдвэрлэхдээ мах, махан бүтээгдэхүүнд орох ёстой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс өөр төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэж байгаа нь илэрсэн байна. Тухайлбал, кофе, далайн амьтны махыг удаан хадгалахад зориулсан хүнсний нэмэлтийг хэрэглэсэн байх юм.

Хиам хийхийн тулд амт сайжруулагч бодис, өнгө тогтворжуулагч, чийг баригч, наалдалт ба бөөгнөрлийн эсрэг үйлчилгээтэй бодис гээд 33 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гардаг байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиамыг хэрэглэхдээ өөртөө тохирсон, хэмжээг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа юм. Харин манай улсын хувьд хиам үйлдвэрлэхдээ иргэдийн эрүүл мэндийг бодолцон  мах, махан бүтээгдэхүүнд зориулагдсан хүнсний нэмэлтийг сонгон хэрэглэх нь чухал байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зарим хиамны үйлдвэрүүд зориулалтын бус хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй