Шууд Chart

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэлэлцэнэ

2015-10-29 11:59:22

АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хиймэл арлуудын усан хилд зөвшөөрөлгүй нэвтэрснийг Хятадын гадаад яамны төлөөлөгч Лу Кан дахин шүүмжиллээ. Тэрээр АНУ-ын энэхүү үйлдэл Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц, олон улсын бусад хууль болон Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн улс төрийн томоохон өдөөн хатгалга болохыг давтан мэдэгдсэн байна.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг Америктай яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Хятадын Гадаад яам онцлон тэмдэглэж байна. АНУ, Хятадын төрийн тэргүүн нар Вашингтонд уулзах үеэрээ энэ асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхээр тохиролцсоныг Хятадын гадаад яамны төлөөлөгч сануулжээ. Асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн Хятад бус, Америк ч хүчин чармайлт гаргах хэрэгтэй хэмээн Хятад улсын зүгээс үзэж байна.

Америк, Хятадын цэргийн дээд тушаалтнууд ирэх 7 хоногт цэрэг батлан хамгаалахын хамтарсан хэлэлцээ зохион байгуулах үеэр Өмнөд Хятадын тэнгисийн асуудал зайлшгүй хөндөгдөх сэдвийн нэг байна хэмээн ажиглагчид хэлж байгаа юм. Түүнчлэн Америк, Хятадын тэнгисийн цэргийн коммандлагчид нөхцөл байдал цаашид хурцдахаас сэргийлэн, видео хурал зохион байгуулж энэ асуудлаар хэлэлцэхээр болсон байна. Уг цахим хуралд АНУ-ын тэнгисийн цэргийн ажиллагаа хариуцсан адмирал Жон Ричардсон, Хятадын тэнгисийн цэргийн коммандлагч Адмирал У Шэнли нар оролцох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэлэлцэнэ  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй