Сирийн асуудлаар Австрийн нийслэл Вена хотод зохион байгуулах олон талт яриа хэлэлцээнд Ираны гадаад хэргийн сайд Мухаммад Жавад Зариф оролцохоор болжээ. Энэ талаар тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд Оросын тал Ираныг оролцуулах хүсэлтэй байсан. Харин Америк Ираныг Сирийн одоогийн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч учраас хэлэлцээнд оролцуулахаас татгалзаж байсан байр сууриа өчигдөр өөрчилж, Сирийн хямралыг хэлэлцэхэд Иран улс оролцох нь зүйтэй гэж яриа хэлэлцээнд урьсан байна. Сирийн асуудлаарх олон талт яриа хэлэлцээг маргааш зохиохоор төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн бэлтгэл яриа хэлэлцээ эхлэх юм байна.
Америк Ираныг энэхүү хэлэлцээнд урьснаас гадна Сирийн асуудлаар баримтлах бодлогодоо томоохон эргэлт хийж, Сирид нөхцөл байдал тогтворжтол Башар Ассадыг ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хадгалахыг эсэргүүцэхгүй байхаар болсон байна. Ингэснээр Сирийн асуудлаар талуудын санал зөрөлдөж байсан гол саад үгүй болж, яриа хэлэлцээ ахих боломж бүрдэж байна гэж ажиглагчид хэлж байна. Иран улсын зүгээс Сирийн хямралыг шийдвэрлэх 4 зорилтот төлөвлөгөөг олон улсад санал болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Сирийн нутаг дэвсгэр дэх мөргөлдөгч бүх тал гал зогсоох, дараа нь үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах, үүний дараа Сирийн үндсэн хуульд шинэчлэл хийх, энэ бүхний эцэст чөлөөт сонгууль зохион байгуулах гэсэн Ираны санал болгосон төлөвлөгөөний дөрвөн шатлалт зорилтыг цаашдын яриа хэлэлцээнд суурь төлөвлөгөө болгон ашиглаж магадгүй байна.
| Сирийн асуудлаарх хэлэлцээнд Иран оролцоно | ||
| Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.