Шууд Chart

Нийгмийн даатгалын багц хуулиудын хангайн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт болж байна

2015-10-29 13:07:28

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үндэсний хэмжээнд өрнөж байна. Хангайн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт эхэлжээ. Хэлэлцүүлэгт Орхон, Дархан Уул, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган аймгийг төлөөлж 50 гаруй хүн оролцлоо. Тодруулбал, тухайн аймгийн Ахмадын хороо, Ажил олгогч эздийн холбоо, ҮЭ-ийн хорооны төлөөлөл оролцож байна.

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан. Үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж олон нийтийн саналыг тусгах ажлыг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас зохион байгуулж байна. Энэ үеэр хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулж, оролцогчдын саналыг сонслоо. Уг хэлэлцүүлэг нь хоёр хоногийн турш үргэлжилнэ. 

Нийгмийн даатгал нь үндсэн таван тогтолцоотой. Үүний нэг нь Тэтгэврийн даатгалын тогтолцоо юм. Өнөөдрийн байдлаар манай улсын тэтгэврийн дундаж нь 158 мянган төгрөг. Энэ нь ахмад настнуудын нийгмийн баталгааг хангаж чадахгүй гэж Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга хэллээ.

Учир нь манай улсын иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 14 хувиар төлдөг. Харин дэлхийн бусад улс оронд 25 хувиар төлдөг байна. Мөн манай улс тэтгэвэр олгоход зориулан хуримтлал бий болгоогүй. Энэ нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн төлж буй шимтгэлээр ахмад настнуудын тэтгэврийг олгоход хүргэдэг байна. Тиймээс үүнийг залруулахад тэтгэврийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлдэг ажил олгогч, даатгуулагчдын дэмжлэг чухлыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Харин Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хувьд хуулийн шинэчлэл нь хэрэгжиж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 45 хувь нь дээрх сангаас гардаг. Гэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанаржуулах талаарх хуулийн заалтын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөлөл хэллээ.

Түүнчлэн Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог илүү сайжруулахын тулд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байна. Эдгээр болон бусад саналыг Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд тусгах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийгмийн даатгалын багц хуулиудын хангайн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт болж байна   
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй