Төв болон Зүүн Европын 9 улс бүс нутагт нь оролцоогоо тэлэхийг хүсч НАТО-д хандахаар тохирсоныг Румыний ерөнхийлөгч Клаус Йоханнес мэдэгдлээ. Тэрээр Европ болон НАТО-гийн дорнод хилийн дагуу аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах шаардлагатай гэж үзэж байгаагаа тодотгоод, өмнөдөөс, тэр дундаа Сириэс заналхийлж байгаа аюулыг мөн дурдсан байна.
Өөрийнх нь улсаас гадна Болгар, Чех, Словак, Унгар, Эстони, Латви, Литва, Польш улсууд энэ алхмыг дэмжиж байгаа гэдгийг Румыний ерөнхийлөгч ярьсан байна. Эдгээр улс албан ёсны хүсэлтээ ирэх 11 сарын 4-нд болох Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-гийн удирдлагад гардуулах юм байна. Дээр нэр дурдсан бүх улс энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Үүний зэрэгцээ Европын зүүн хэсэгт НАТО-гийн оролцоог тэлэн өргөжүүлэх асуудал энэ эвслийн хүрээнд хэдийн хэлцэгдэж байгаа гэдгийг америкийн “Уолл стрит жорнэл” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлж байна.
Энд бичсэнээр бол, Польшид болон Балтын гурван улс тус бүрд 1000 хүртэл тооны цэргийн албан хаагчтай батальон байрлуулах хувилбар яригдаж байгаа юм байна. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор нотлогдоогүй байна. Энд дурдахад, сүүлийн үед Москвагийн явуулж байгаа түрэмгий гэх бодлогоос үүдэн Зүүн Европын орнууд аюулгүй байдалдаа сэтгэл зовниж байгаагаа улам бүр олонтаа илэрхийлэх болоод байгаа юм.
| Төв, Зүүн Европын улсууд НАТО-д хандана | ||
| Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.