Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл Анкарагийн бөмбөгдөлтөд холбоотой нь нотлогджээ

2015-10-29 18:22:08

Турк улсын нийслэл Анкара хотод энэ сарын эхээр болсон тайван жагсаалын үеэр амиа золиослогчид 2 удаа бөмбөг дэлбэлж, 102 хүн аминд хүрсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус улсын прокурорууд энэ халдлагад Исламын улс бүлэглэл холбоотойг нотолсон хөдлөшгүй баримт нотолгоог илрүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Анкарагийн ерөнхий прокурорын газрын мэдээлснээр тус улсын Сирийн хилтэй ойр оршдог Газиантеп хотод төвтэй Исламын улс бүлэглэлийн салбар байгууллага төвөөсөө ирсэн тушаалын дагуу цуврал халдлагыг үйлдсэн болохыг тогтоосон байна. Туркэд зохиогдох гэж байсан бүх нийтийн сонгуулийн өмнө эмх замбараагүй, түгшүүртэй байдал үүсгэхийн тулд цуврал халдлагыг үйлдсэн хэмээн прокурорууд мэдээлжээ. Түүнчлэн Турк улсад өнгөрсөн тавдугаар сараас хойш гарсан 4 халдлагад ч мөн тус бүлэглэл буруутай болохыг хөдлөшгүй нотолгоогоор илрүүлсэн байна.

Сири дэх Исламын улс бүлэглэлээс Турк дэх энэ салбартаа мөнгө тогтмол гуйвуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсныг прокурорууд олж тогтоожээ. Туркийн засгийн газар тайван жагсаалын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй гэх эрс шүүмжлэлд өртсөний дараа Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа өргөжүүлээд байгаа юм.

Даваа гарагт Туркийн зүүн өмнөд нутагт орших Диярбакыр хотод Исламын улс бүлэглэлийн салбарт цагдаа нар нэгжлэг шалгалт хийх үеэр талуудын хооронд мөргөлдөөн болж, хэт даврагч бүлэглэлийн 7 дайчин, мөн 2 цагдаа амь үрэгдсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Түүнчлэн Исламын улс бүлэглэлийн салбар байж болзошгүй Туркийн бусад бүс нутагт нэгжлэг шалгалт явуулж, сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Исламын улс" бүлэглэл Анкарагийн бөмбөгдөлтөд холбоотой нь нотлогджээ   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй