ХБНГУ-ын канцлер Ангела Меркель манай өмнөд хөрш БНХАУ-д дээд хэмжээний айлчлал эхлүүллээ. Ангела Меркелийн энэ удаагийн айлчлал Герман, Хятадын хооронд худалдааны түншлэлийг бэхжүүлэх, итгэлцлийг бий болгох зорилготой юм байна.
Хатагтай Меркелийн хувьд энэ нь Германы канцлерын албан тушаалыг хүлээн авснаасаа хойших Хятад улсад хийж байгаа 8 дахь удаагийн айлчлал нь юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Германы бизнесийн салбарын цөөн боловч өндөр түвшний төлөөлөл, тухайлбал, алдарт Волксвагены шинэ захирал, Германы хөрөнгийн биржийн удирдах зөвлөлийн гишүүд багтсан байна. Герман нь хоёр орны хооронд аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцааг нягтруулахад өндөр ач холбогдол өгч байгаа. Ер нь сүүлийн үед хоёр орны эрх баригчид харилцан хоёр талдаа айлчлах давтамж улам ойртож байгаа нь Хятад-Европын дипломат харилцаа хүчтэй болж байгаагийн илрэл гэдгийг судлаачид онцолж байна.
Хятадын хувьд Европын зах зээл, технологийн мэдлэг, туршлага нэн чухал. Харин Европын хувьд худалдааны том зах зээл, хөрөнгө оруулалт чухал байгаа юм. Иймд хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа улам тэлэх сонирхол их байна. Ойрын үед Хятад, Европын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрнэ гэж эдийн засагчид харж байна. Германы хувьд “бүх хүчин чадлаараа аж үйлдвэрийн салбараа урагшуулах”, БНХАУ “Хятадад Үйлдвэрлэв 2025” гэсэн үндэсний стратеги зарласан. Ангела Меркелийн энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал эдгээр стратегийг уялдуулан хамтын ажиллагаагаа тэлэх асуудлыг хэлэлцэх юм.
2014 оны байдлаар Хятад, Германы худалдаа эргэлт 150 тэрбум еврод хүрч өссөн нь Германы хувьд Ази тивд хийдэг нийт худалдааны бараг 50 хувьтай тэнцсэн үзүүлэлт юм байна. Германы 6000 гаруй компани Хятадад үйл ажиллагаа явуулж, Хятад нь Германы хамгийн том хөрөнгө оруулагч болсон бөгөөд энэ хоёр улс гол төлөв өндөр технологийн аж үйлдвэрлэлд хамтын ажиллагаагаа тэлж, өргөжүүлж байна.
| Ангела Меркель Герман, Хятадын харилцааг тэлэх зорилготой байна | ||
| Үзсэн: 223 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.