БНХАУ Америкийн байлдааны онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлынх нь ойролцоо нэвтэрсэнтэй холбогдуулан Спратлийн аралд маргашгүй бүрэн эрхтэй гэдгээ дахин мэдэгдэж байна. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-ын энэ үйлдэл Хятадын тусгаар бүрэн эрхт байдал болоод аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж мэдэгдлээ.
Хятадын хувьд бүс нутгийн аливаа маргааныг яриа хэлэлцээний аргаар шийдэхийг уриалдаг, энэ зарчмаараа одоо ч Бээжинтэй Америк яриа хэлэлцээнд орно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Америкийн тэнгисийн цэргээс Хятадын Наньша гэж нэрлээд байгаа Спратлийн арал дахь хиймэл арлын 12 милийн хязгаартай бүсэд тэнгисийн харуулын Лассен усан онгоц ойртож очсон нь Хятадын бүрэн эрхт нутаг дэвсгэрт халдсан гэж үзэх боломжгүй гэж мэдэгдэж байна. Гэхдээ АНУ, Хятадын батлан хамгаалах яамд төлөвлөсөн ёсоор ирэх 7 хоногт Бээжинд уулзаж, хоёр орны далай тэнгисийн харилцаанд итгэлцлийг бий болгон, болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх яриа хэлэлцээг хийх гэж байна.
Харин АНУ-ын батлан хамгаалах яам Өмнөд Хятадын тэнгист далайн эргүүлийн ажлаа зогсоохгүй гэсэн байр суурьтай байна. Ажиглагчдын хувьд АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү харуулын онгоц илгээж, үүнийгээ цаашид үргэлжлүүлнэ гэдэг Вашингтон Спратлийн арлын бүсийг Хятадын эзэмшлийнх гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийн илэрхийлэл, харин Хятад улс Америкийн бүрэн эрхэнд нь халдсан гэдэг үүднээс буруутгаж, асуудлыг хэлэлцээний ширээнд л ярилцана гэдэг тодорхой байр суурьтай байгааг тэмдэглэж байгаа. Эцэст нь сануулахад, Америк, Хятадын Засгийн газар агаар болон далай тэнгист мөргөлдөөнөөс урьдчилж сэргийлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан юм.
| АНУ, Хятад улс маргаантай газар нутгийн асуудлыг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.