Шууд Chart

АНУ Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд Ираныг урив

2015-10-30 11:18:31

Өнөөдөр Австрийн нийслэл Вена хотод Сирийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ эхлэх гэж байна. Энэхүү яриа хэлэлцээнд АНУ-ын урьсан урилгыг Ираны тал хүлээн авчээ. Ингэснээр Сирийн хямралыг тойрсон асуудал олон улсын анхаарлыг багагүй татаж байна.

АНУ-ын засгийн газар Сирид улс төрийн шилжилт хийх яриа хэлэлцээнд Ираны оролцоо байх шаардлагатай байна. Нэг ёсондоо Иран улс Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газрыг дэмждэг, тэнд ашиг сонирхол нь байдаг гэдгийг онцолж мэдэгдэж байна. ОХУ-ын хувьд Сирид энх тайван тогтоох тухай яриа хэлэлцээнд Ираны оролцоо байх нь зүйтэй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан.

Гэвч Вашингтон Сирийн асуудлыг хэлэлцэхэд Ираны оролцоо шаардлагагүй гэж үзэж, Тегераныг Ассадын дэглэмийг дэмжлээ гэж буруутгаж байсан юм. Харин ажиглагчдын хувьд АНУ-ын засгийн газар Ирантай цөмийн асуудал дээр гэрээ байгуулсантай холбоотойгоор Сирийн хямралыг зохицуулахад Ираны оролцоо байх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрэв бололтой гэж дүгнэж байна. Харин Саудын Арабын засгийн газар Венийн энэхүү уулзалт Иран, Оросын улс төрийн шийдэл олох эрмэлзэл хэр их байгааг сорих боломж гэж үзэж байна.

Өнөөдөр Венад эхлэх Сирийн асуудлаархи уулзалтад Орос, АНУ, Саудын Араб, Турк, Их Британи, Египет, Франц, Герман, Итали, Ливан зэрэг 10 улсын гадаад яамны сайд нар оролцох нь одоогоор баттай болоод байна. Үүнээс гадна Арабын нэгдсэн Эмирт, Катар, Иордан улсуудаас төлөөлөл хүрэлцэн ирж магадгүй мэдээлэлтэй байгаа юм. Мөн НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Стаффан де Мистура, Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини нар оролцоно. Орос, АНУ, Саудын Араб, Турк дөрвөн улсын гадаад яамны сайд нар өчигдөр орой уулзалтаа эхэлсэн бол, бусад оролцогчид  өнөөдрөөс уулзалтанд нэгдэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд Ираныг урив  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй