Ирэх ням гарагт Сөүл хотноо Хятад, Япон, Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Өнгөрсөн 3 жил гаруйн хугацаанд эдгээр гурван орны харилцаа хүйтэрснээс үүдэлтэй зогссон энэ уулзалтыг дахин сэргээж байгаа юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар уг уулзалтанд оролцоно. 3 талт уулзалтаас өмнө Ли Кэцян Пак Гын Хетэй ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөсний зэрэгцээ уулзалтын маргааш буюу даваа гарагт Абэ, Пак Гын Хе нар уулзах юм байна. Гурван орны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаахад тус уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид үзэж байна.
Энэ удаагийн гурван талт дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал болоод гурван орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зэрэг олон сэдвийг авч хэлэлцэх юм байна. Мөн талууд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын хүсэлтээр 20-р зууны Японы колоничлол, дайны үеэр Япон цэргүүдийг зугаацуулахад Солонгос эмэгтэйчүүдийг ашиглаж байсан асуудлыг хөндөхөөр болсон байна.
Харин өнөөдөр Сөүлд 3 талт уулзалтыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна. Жагсаалд оролцогчид Японы ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын дайны үеийн таагүй үйл явдлуудад уучлалт гуйхгүй бол энэ уулзалтыг зохион байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ гурван талт уулзалт эхлэх өдөр буюу ням гарагт Сөүлд хүрэлцэн очих юм.
| Хятад, Япон, Өмнөд Солонгосын гурван талт уулзалт болно | ||
| Үзсэн: 218 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.