![](/uploads/201510/news/thumb/9beb2480da51d6c1b4898a05a9e4c1df_x3.jpg)
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Л.Пүрэвсүрэн сайд хэлэхдээ: “Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж, ялалт байгууллаа. Өмнөх Л.Болд сайдын үед Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн сонгуульд нэрээ дэвшүүлж маш сайн ажиллаж байсан бол бид амжилттай үргэлжүүлж , сонгуулийн үр дүнгээрээ тэргүүлж чадлаа. Энэ бол өмнөх сайд нарын төдийгүй олон дипломатчдын нөр их хөдөлмөр, зүтгэл байсан. Түүнчлэн анх удаа Монгол Улс ийм том сонгуульд нэрээ дэвшүүлж, амжилттай оролцож чадна гэдэг бидний олон улс дахь нэр хүнд ямар байгааг илэрхийлж байгаа гэж хэлж болно” хэмээв.
Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс 192 орны 172 –ынх нь санал авч сонгогдож чадсаныг Л.Пүрэвсүрэн сайд онцлов. Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналыг тус тус авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Харин Лаос, Пакистан 105 орны санал авч ялагдсан байна.
НҮБ-ын хүний эрхийн сонгууль гэдэг бол ач холбогдлоороо Аюулгүйн зөвлөлийн дараа орох хоёр дахь том сонгууль гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцоллоо. Учир нь санал хураалт нууцаар явагдсан боловч НҮБ-ын гишүүн 192 орны 172 буюу хамгийн олон улс Монгол Улсыг дэмжиж санал өгч байна гэдэг бол маш том амжилт юм. Өөрөөр хэлбэл ийм олон улс орон бидэнд итгэж санал өглөө. Тиймээс цаашид бид энэ олон улс орны итгэлийг дааж хариуцлагатай ажиллах үүрэг хүлээлээ хэмээсэн юм.
НҮБ-ын хамгийн том сонгууль бол Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгууль юм. Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй, 5 нь байнгын, 10 нь байнгын бус гишүүн орон байдаг. Монгол Улс 2022 оны Аюулгүйн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгааг Гадаад хэргийн сайд дуулгалаа. Тэрээр цааш нь хэлэхдээ "Энэ сонгуулийн угтвар болох чухал даваагаа бид давлаа. Ирэх гурван жилд бид Хүний эрхийн зөвлөлд яаж ажилласнаас 2022 оны сонгууль шууд хамааралтай. Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж бүрдэж байгаа юм. Бидэнтэй харилцах, ярилцах улс орны тоо улам нэмэгдэнэ. Бидний олон улс дахь байр суурь тодорхой болж нэр хүнд ч дагаад өснө" хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдээр дамжуулан олон нийтдээ мэдээлэв.
Нэмэлт мэдээлэл өгөхөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони-гийн урилгаар 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийж, Италийн тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх тохиролцоонд хүрсэн. Айлчлалын үеэр Милан хотноо "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулжээ.
Л.Пүрэвсүрэн: Монгол Улс олон улс орны итгэл дааж, хариуцлагатай ажиллах үүрэг хүлээлээ | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.