![](/uploads/201510/news/thumb/307aaebec39421f8cbdc657c4c4c9a99_x3.jpg)
Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийн газрын даргын түвшний хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
ОХУ-ын Уфа хотноо 2015 оны долоодугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хоёр дахь удаагийн уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Оросын тэргүүлж байгаа “Евразийн эдийн засгийн холбоо”-ны бүтээн байгуулалтыг уялдуулах тухай “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Үүний дагуу 2015 онд багтаан Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцсон билээ.
Тус хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, Хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн газрын орлогч дарга Шао Вэймин нар ахлав. Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч И.Н.Аржаев оролцов.
Энэхүү хуралдаанаар талууд Гурван талт “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, санал солилцов. Ажлын хэсгийн дараагийн уулзалтыг Москва хотноо зохион байгуулах саналыг Оросын тал тавьсан болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 оны есдүгээр сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалт Душанбе хотноо болж гурван талын яриа хэлэлцээний төрийн тэргүүн нарын түвшний механизм бүрэлдэх эхлэл тавигдсан. Тус уулзалтаар гурван тал эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр хэлэлцсэн билээ.
Монгол, Орос, Хятадын хамтарсан хөтөлбөрийн төслийг хэлэлцэх хуралдаан болов | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.