ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн БНХАУ-д хийж байгаа дээд хэмжээний айлчлалын хүрээнд Хятад-Германы засгийн газар хооронд хамтын ажиллагааны 13 гэрээ хэлэлцээр байгууллаа. Тухайлбал Хятад улс Европын Эйрбус группээс 130 ширхэг нисэх онгоц худалдан авахаар гэрээнд гарын үзэг зурсан байна.
Энэ гэрээний өртөг 17 тэрбум америк доллар. Энэ нь Хятад улс Европын агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэгч консерциумаас нисэх онгоц худалдан авах хамгийн том захиалгын нэг юм. Хятадын дарга Германы канцлертай уулзалт хийх үедээ цаашид санхүү, ХАА, худалдаа, соёлын зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглээд Хятад-ЕХ-ны иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг урагшлуулахыг Германы талд уриалжээ.
Харин Ангела Меркель хоёр талын худалдаа, аж үйлдвэрлэл, санхүүгийн хамтын ажиллагааг өсгөнө гэдгээ онцлоод Хятадын ан Нэг бүс нэг зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг санаачлагуудад оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Европын холбоо Хятадтай худалдаагаа өсгөх нь эдийн засгаа сэргээх гол тулгуур гэдэг үүднээс худалдааны хамтын ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна. Харин Хятадын хувьд ЕХ-ны том зах зээлтэй хамтрах нь эдийн засгийн өсөлт нь удааширсан ийм үед гадаад худалдаагаа өсгөхөд нэмэртэй гэж харж байна.
Хатагтай Меркелийн энэ айлчлал Хятадын дарга Си Зиньпин Их Британид айлчилсны дараа, Францын ерөнхийлөгч Франсуа Олландын Хятад улсад хийх айлчлалын өмнөхөн болж байгаагаараа ихээхэн онцлог. Герман нь Хятадын Европ дахь худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны хамгийн гол түнш,харин Хятад нь Германы ЕХ-ны дараа худалдааны хамгийн том түнш нь юм. хоёр орны худалдаа өнгөрсөн онд 177,8 тэрбум америк долларт хүрчээ. Одоо Хятад улс Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалч, хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хугацаанд байгуулах сонирхолтой байна.
| БНХАУ Эйрбусаас 130 онгоц худалдан авна | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.