Намрын эхэн сарын ажлын нэгэн долоо хоног өндөрлөлөө. Бороотой, цастай бас нартай цаг агаарын хувьд тогтворгүй өдрүүд байлаа. Нийгмийн амьдралд ч шинэ содон үйл явдал дүүрэн. Улс төрийн салбараас төрийн тэргүүнүүдийн гадаад орон дахь айлчлалуудыг онцоллоо.
МУ-ын ерөнхий сайд Норовын Алтанхуяг гэргийн хамт Японы Засгийн газрын урилгаар ажлын айчлал хийлээ. Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээр хийж, Эдийн засгийн байгууллагуудын холбоо, яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч зэрэг улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой чухал уулзалтуудыг хийлээ.
Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр дахин сонгогдсоныхоо дараах анхны гадаад орон дахь айлчлалаа хийж байна. Тодруулбал Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Шанхайн хамтын ажилллагааны байгууллагын 13 дахь удаагийн уулзалтад оролцсон. Ц.Элбэгдоржийн Киргиз Улсын айлчлал БНХАУ –ын дарга Си Жиньпинтэй уулзснаар эхэлсэн.
Өөр нэг онцлох үйл явдал бол Оюу толгойн монголын талын удирдлагууд бүгд солигдов. Төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компаний ТУЗ-ийн шинэ гишүүнээр Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар сонгогдлоо. Ам.долларын ханш чангарч 1718 төгрөгт хүрлээ.
Импортын барааны үнэ огцом өсч, дотоодын үйлдвэрлэгчдэд ая таатай нөхцөл үүсч байгаа нь ноён доллараас нөлөөлсөн хэрэг. Нийслэлчүүдийн хувьд өвлийн бэлтгэлийн асуудал хүчтэй яригдаж байгаа ч үр дүн 100 хувьд хүрээгүй байна. Энэ өдрүүдэд НЗДТГ, НЗА ачаалал ихтэй байлаа. Ер нь бол Улсын баатар Э.Бат-Үүл нийслэлийг удирдах болсноор хотын иргэд хотын дарга хэрхэн яаж ажилладагийг бодитоор харах болсон. Ойрд тэд бүр ч илүү ажиллаж байна. Цагтаа хаагаагүй цэнгээний газрын цахилгаан дулааныг хязгаарлах, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудыг нураах, үүрэггүй цамхаг, шонг буулгах гээд л олон ажил өрнүүлж байна.
“Нарантуул” захын хүнсний хэсэгт гарсан галын ослын талаар ноён Ш.Сайхансамбуу анх удаа МҮОНР-гийн “Хурд” агентлагт ярилцлага өгч “Энэ бол зориудаар хийсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийг би хаана ч хэлнэ” гэснийг энд онцлов. Урлаг соёлын салбарын энэ үеийг ургац хураалттай зүйрлэж болно. Шинэ кино, шинэ үзэсгэлэн, шинэ ном, шинэ цомог, шинэ жүжиг гээд л урлагийн шинэ үзэгдэл бүхэн энэ л үед ихээр төрөх нь жам мэт санагддаг. Энэ бүхний дундаас онцлох нь Британийн алдарт “Blue” хамтлагийн Монгол дахь тоглолт.
All Rise", "Sorry Seems To Be The Hardest Word ", "Fly By" зэрэг олон дуугаараа дэлхийн залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн “BLUE” хамтлаг “EVENTO” компанийн урилгаар Монгол зочиллоо. Мөн монгол улс 10 дахь жилдээ Монголынхоо сайхан бүсгүйг шалгаруулж буй “Мисс Монголиа 2013” наадам энэ өдрүүдэд тохиов. Харин намар цагийн хамгийн чухал асуудал болох ургац хураалт ид жигдэрч байна. Энэ жилийн цаг агаарын байдал ургац хураалтад ихээхэн нөлөөлсөн.
Гэхдээ сарын дундуур цаг агаарын байдал сайжирна гэсэн мэдээ тариаланчдын магнайг тэнийлгэлээ. Нийгмийн амьдралын эдгээр үйл явдлуудтай давхцан саар муу явдал ч цөөнгүй тохиолдсон. Тангараг өргөсөн эмч хүн үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцаж, хариуцлага алдсан хэрэг Баян-Өлгий аймагт гарлаа. Иргэн Зулааг хүндрэлтэй төрөх үед эмнэлэгийн багажийг буруугаар ашигласнаас нярай хүндэвтэр гэмтсэн.
ЭМШУИС-ийн I дамжааны оюутан охин биеийн тамирын хичээлд орж байгаад амиа алдсан харуусалтай хэрэг гарлаа. Одоогоор шинэхэн оюутнуудаа сургуулиас нь парк, паркаас сургууль хүртэл гүйлгэсэн багшийг шалгаж байгаа гэнэ.
Энэ 7 хоногийн үйл явдлаас тоймлон хүргэлээ.
Энэ 7 хоногийн үйл явдлаас | ||
Үзсэн: 2102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.