Шууд Chart

Сирийн асуудлаар Венад чууллаа

2015-10-31 17:28:02

Өчигдөр 17 улс орны гадаад хэргийн сайд нар Австрийн нийслэл Вена хотноо Сирийн асуудлаар чууллаа. 8 цаг үргэлжилсэн хүнд яриа хэлэлцээний эцэст талууд Сирийн асуудлаар 9 заалттай төлөвлөгөө боловсруулж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Төлөвлөгөөнд Сирийн засгийн газар болон сөрөг хүчний босогчдын хооронд НҮБ-ын ивээл дор улс төрийн хэлэлцээ эхлүүлэх; гал зогсоох хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх арга замыг эрж хайх; түүнчлэн хямрал эцэслэсний дараа тус улсад НҮБ-ын дэмжлэгтэйгээр бүх нийтийн сонгууль зохион байгуулж, шинэ үндсэн хууль батлах; мөн эх орондоо байгаа болон дүрвэж цагаачилсан сиричүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг илүү хүртээмжтэй болгох зэрэг заалт багтсан байна.

Гэхдээ талууд Сирийн хямрал эцэслэсний дараа ерөнхийлөгч Башар Ассадыг хэрхэх асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна. Талууд 2 долоо хоногийн дотор дахин уулзалт хэлэлцээ зохион байгуулахаар тохиролцлоо. Уг уулзалтаас өмнө улс орнуудын төлөөлөгчид санал зөрүүтэй асуудлуудаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэхээр ирэх өдрүүдэд бэлтгэл уулзалтууд зохион байгуулах юм байна. Сирид 4 жил гаруй үргэлжилж байгаа иргэний дайны хөлд 250 мянга орчим хүн амь үрэгдэж, 11 сая гаруй хүн буюу тус улсын нийт хүн амын тэн хагас нь нутаг орнооосоо дүрвэн цагаачлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн асуудлаар Венад чууллаа  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй