Шууд Chart

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Сөүлд хүрэлцэн очлоо

2015-10-31 20:45:57

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй хоёр талын харилцааг бэхжүүлэх арга зам, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр өнөөдөр Сөүлд хүрэлцэн очлоо. Уулзалтын үеэр “хоёр удирдагч Умард Солонгосын цөмийн асуудал зэрэг харилцан сонирхол татаж байгаа асуудлуудаар санал солилцох”-ыг Пак Гын Хе-гийн засгийн газрын мэдээлэлд дурджээ.

Ли Көцян 2013 онд Хятадын ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм. Маргааш Сөүлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болон Ли Көцян, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын оролцоотой гурван талт дээд хэмжээний уулзалт болно. Гурван орны удирдагчид сүүлийн удаа 2012 оны тавдугаар сард Бээжинд уулзсан байна. Түүнээс хойш газар нутгийн маргаан болон дайнаас хойшхи түүхийн асуудлаарх зөрчил маргаан улмаас Токиогийн хоёр хөрш оронтойгоо харилцах харилцаа эрс муудсан юм.

Тухайлбал Ази дахинд японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог токиогийн Ясукуни сүмд Японы ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд очиж мөргөл үйлдэхэд Сөүл, Бээжин туйлаас эгдүүцэн зэвүүцдэг юм. Пак Гын Хе даваа гаригт Абэ ерөнхий сайдтай хэлэлцээ хийнэ. Энэ үеэр Пак Гын Хе ерөнхийлөгч, Японы эзлэн түрэмгийллийн үед япон цэргүүдийг зугаацуулах хэрэгсэл болж байсан солонгос эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг гол хөндөж ярихаар төлөвлөж байгаа мэдээтэй байгаа юм.

Сөүлийн талын мэдээгээр, Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргүүдийг зугаацуулах зорилготой үйлчилгээнд 200 мянга орчим солонгос эмэгтэйчүүд албан хүчээр дайчлагдсан байдаг байна. Японы эзэн хааны армийн ийм бусармаг үйлдэлд шударга үнэлэлт дүгнэлт өгөх улстөрийн болоод ёс суртахууны хүсэл зориггүй байна гэж Өмнөд Солонгосчууд Токиог буруутгадаг юм. Өмнөд Солонгос, Японы удирдагчид сүүлийн 3 жил гарны туршид анх удаа уулзах гэж байгаа нь энэ. Өмнө нь ийм уулзалтууд хийхэд дээрх “бэлгийн боолчлол”-ын асуудлаас гадна Токто буюу япончуудын нэрлэдгээр Такэшима арлын харьяалалтай холбоотой маргаан гол саад болсоор ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Сөүлд хүрэлцэн очлоо  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй