Өчигдөр Турк улсад болсон парламентын сонгуулийн санал хураалтын дүн гарчээ. Өнгөрсөн 6-р сард болсон сонгуулиар парламентад олонхын суудлаа алдсан Шударга ёс, хөгжлийн нам энэ удаагийн сонгуульд 49,41 хувийн саналаар ялалт байгуулсан байна.
Энэ удаагийн сонгуулиар Туркийн Үндэсний их ассамблейн 550 суудлын төлөө сонгуулийн 85 тойрогт намууд өрсөлдсөн байна. Санал хураалтын дүнгээр эдгээр суудлын 316-г эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам авчээ. Ингэснээр тус нам Турк улсын засгийн газрыг бие даан бүрдүүлэх боломжтой боллоо.
Туркийн Ардын бүгд найрамдах нам 25,4 хувийн саналаар сонгуульд удаалсан байна. 6-р сарын парламентын сонгуулиар нэг ч нам олонхын суудал авч чадаагүй учраас эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ эхэлсэн нь үр дүнгүй болж, улмаар дахин сонгууль зохион байгуулахаар болсон юм.
Гэвч энэ удаагийн сонгуулиар олонхын суудлаа эргүүлэн авсан Шударга ёс, хөгжлийн нам өөрсдийн зорьж байсанчлан Туркийн үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тус намыг үндэслэгч, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдлийг нэмэгдүүлэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулахад хүрэхүйц тооны санал авч чадаагүй байна. Сүүлийн үед Туркт гарсан террорист халдлагуудаас үүдэн Шударга ёс, хөгжлийн нам ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
| Туркийн парламентын сонгуулийн дүн гарлаа | ||
| Үзсэн: 243 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.