Турк улсын парламентын сонгуульд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам ялж, засгийн эрхийг дангаар удирдахаар болсон талаар бид өмнөх мэдээгээрээ хүргэсэн. Эрх баригч намын дэмжигчид ялалтаа тэмдэглэн, нийслэл Анкара хотод баярын жагсаал хийж байгаа бол сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаа иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Курд үндэстэн голчлон амьдардаг Туркийн Диярбакыр, Нусайбин зэрэг хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нар жагсагчдыг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашигласнаар нөхцөл байдал улам хурцаджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр мөргөлдөөний үеэр 1 хүн буудуулсан ч шарх нь амь насанд нь аюулгүй юм байна.
Түүнчлэн сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд мэдээлсний дараахан Нусайбин хотын нэгэн хүнсний дэлгүүрт дэлбэрэлт болж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн учир шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон гэж дүгнэж байгааг орон нутгийн удирдлага мэдэгдлээ. Харин хүнсний дэлгүүрийн ойролцоо машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсэн гэх зөрүүтэй мэдээллийг олон улсын хэвлэлүүд цацаж байна.
Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн санаатай үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Сонгуульд өрсөлдсөн сөрөг хүчний намууд ч сонгууль будлиантай болсон гэж үзэж байна. Тухайлбал, зүүний үзэлт Ардын ардчилсан намынхан сонгууль эхнээсээ л шударга бус байсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд эрх баригч намынхтай харьцуулахад бусад намуудад маш бага цаг гаргаж өгсөн гэж шүүмжилжээ.
| Туркт сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов | ||
| Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.