Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербургийн чиглэлд 200 гаруй хүнтэй нислэг үйлдэж явсан Оросын онгоц яагаад сүйрснийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Оросын “Когалым-Авиа” нисэх компанийн “Аэробус А-321” онгоцонд нийт 224 хүн явсны дунд Оросын иргэдээс гадна Украйны 3, Беларусийн 1 иргэн байжээ.
Ослын шалтгааныг бүрэн тогтооход эрт байгаа ч онгоц газарт унахаасаа өмнө сүйрсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсныг холбогдох албаны эх сурвалжуудаас иш татан “ТАСС” агентлаг уламжилсан байна. Энэ мэдээ онгоцыг алан хядагчид сөнөөсөн байх вий гэсэн хардлагыг олны дунд төрүүлээд байна.
Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг Исламын улс бүлэглэлийн хамсаатан хэт даврагчид ослыг захиалсан гэж өөрсдийн Твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн ч 9 мянга гаруй метрийн өндөрт явсан онгоцыг сөнөөх чадалтай зэвсэг хэт даврагч бүлэглэлийнхэнд байхгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Хэт даврагчдын энэ мэдэгдэлтэй холбогдуулан Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах ас-Сиси уриалга гарган, ослыг мөрдөн шалгаж, онгоц сүйрсэн шалтгааныг эцэслэн тогтооход багагүй цаг хугацаа шаардагдана. Иймээс яаран дүгнэлт хийж, аль нэг талыг буруутгахгүй байхыг олон нийтэд сануулсан байна. Ослын газраас олдсон 144 хүний цогцсыг тээвэрлэсэн онгоц Санкт-Петербург хотын Пулково нисэх буудалд өнөө өглөө газардаж, одоо цогцсыг хэн болохыг тогтоох ажиллагаа эхлээд байна.










.jpg)
| Оросын онгоц агаарт байхдаа сүйрчээ | ||
| Үзсэн: 4078 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.