Шууд Chart

Япон, БНСУ-ын төрийн тэргүүнүүд уулзлаа

2015-11-02 17:15:44

Өчигдөр БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалтад оролцсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр хоёр талт уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Пак Кын Хе Японы эзлэн түрэмгийллийн үед япон цэргүүдийг зугаацуулах хэрэгсэл болж байсан солонгос эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг голлон хөндөж ярьсан байна.

Сүүлийн 3 жил гаруйн туршид анх удаа болж байгаа Өмнөд Солонгос болон  Японы удирдагчдын энэ уулзалт 1 цаг 40 минут орчим үргэлжиллээ. Уулзалтын үеэр талууд цаашид хоёр орны харилцааг сайжруулахын тулд бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудал болон түүхийн бусад маргаантай асуудлыг даруй хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Сөүлийн талын мэдээгээр, Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргүүдийг зугаацуулах үйлчилгээнд 200 мянга орчим солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдаг байна.

Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хөндөж, олон улсын дэглэм бүхий далай тэнгист улс орнууд чөлөөтэй зорчих эрхийг хангахын тулд БНСУ болон АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөд Хятадын тэнгист Хятад улс хиймэл арал байгуулж, эдгээр арлаас усан хилээ тооцно гэж үзэж байгааг АНУ эсэргүүцэн, өнгөрсөн 7 хоногт хиймэл арлын усан хилд хөлөг онгоцоо оруулснаар, тус бүс нутгийн нөхцөл байдал хурцдаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, БНСУ-ын төрийн тэргүүнүүд уулзлаа  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй