Манай урд хөрш Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын зорчигч тээврийн нисэх онгоцоо өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 39 метр урт, 168 хүний суудалтай Си-919 хэмээх энэхүү онгоцыг зохион бүтээх, угсрах ажилд тус улс нэг жил гаруйн хугацаа зарцуулжээ.
1970-аад онд зорчигч тээврийн нисэх онгоц бүтээхээр оролдож байсан ч амжилт олоогүй Хятад улс өмнө нь Си-919 онгоцны жижиг хувилбарыг зохион бүтээгээд байсан юм. Өнөөдөр зорчигч тээврийн том оврын Си-919 онгоцыг танилцуулах ёслолын ажиллагаанд 4000 гаруй хүн оролцож, шинэ онгоцыг үндэсний бахархал хэмээн хүлээн авчээ.
Онгоцны эд анги, үйл ажиллагааны системийг гаднаас импортлосон боловч зохион бүтээх, угсрах ажлыг тус улсын төрийн өмчит компани болох Хятадын худалдааны нисэх онгоцны корпораци хариуцан хийжээ. Нисэх онгоц бүтсэн өртгийн талаар зохион бүтээгчид тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ өнгөрсөн сард Хятадын Экспорт-Импортын банк онгоц бүтээх төсөлд зориулан Хятадын худалдааны нисэх онгоцны корпорацид 7.9 тэмбум америк долларын зээл олгосон мэдээ байна. Си-919 болон түүний жижиг хувилбар "Эй-Ар-Жэй-21" онгоцыг албан ёсоор ашиглалтанд оруулахын тулд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юм.
Хэрэв Си-919 онгоцны туршилтын нислэгийг 2016 онд хийх бол 2018 оноос тус онгоцыг иргэний агаарын тээвэрт нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хятадын худалдааны нисэх онгоцны корпораци цаашдаа 200-300 зорчигчийн багтаамжтай, “Боинг”, “Эйрбас”-тай өрсөлдөхүйц нисэх онгоц бүтээхээр зорьж ажиллана гэж корпорацийн төлөөлөгч хэлж байна.
| Хятадад анх удаа том оврын онгоц үйлдвэрлэжээ | ||
| Үзсэн: 313 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.