Шууд Chart

ОХУ-ын осолдсон онгоцны хар хайрцаг ослын шалтгааныг тайлна

2015-11-03 11:10:11

ОХУ-ын иргэний агаарын тээврийн удирдах газрын дарга Александр Нерадко өнгөрсөн бямба гарагт Египетийн Синайн Хойгд осолдсон иргэний агаарын тээврийн онгоц агаарт хоёр хуваагдсан тухай мэдээлсэн нь олон улсын хүрээнд багагүй анхаарал татаж байна. Тэрээр  онгоцны сэг зэм тухайн осол болсон газарт 20 км-ийн радиус дотор тарж, бутарсан байдалтай байгаад үндэслэж, энэ дүгнэлтийг хийсэн гэдгээ тайлбарласан байна. Гэхдээ ослын шалтгаан чухам юу байв гэдгийг ярихад хэтэрхий эрт байгааг тэрээр мөн онцолжээ.

ОХУ-ын Метрожет нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн Когалымавиа компанийн А321 зорчигч тээврийн онгоц өнгөрсөн баасан гарагт Египетийн улаан тэнгисийн эргээс СанктПетербург чиглэлд хөөрөөд осолдож, 224 хүн амь үрэгдсэн. Египетийн агаарын тээврийн удирдах газар тус онгоцыг хөөрөөд удаагүй байхдаа 2-р нисгэгч нь онгоцонд техникийн эвдрэл гарлаа, ослын буулт хийх шаардлагатай байна гэдгээ мэдэгдсэн гэж мэдээлсэн. Гэвч Египетийн тал удалгүй энэ мэдээллээсээ ухарсан юм.

Энэ хооронд Египетэд үйл ажиллагаатай Исламын улс бүлэглэлийн салбар Оросын онгоцыг сүйрүүлсэн гэж мэдээлсэн ч үүнийг Орос, Египетийн аль аль нь няцааж, тэдэнд 9500 гаруй метрийн өндөр онгоц сөнөөх хүчин чадалтай техник хэрэгсэл байхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ, Египетын онцгой байдал, аврах алба, тусгай мэргэжлийн баг ослын газарт ажиллаж, хохирогчдоос 170 гаруй хүний цогцосыг цуглуулан, 140 гаруй цогцосыг Санктпетербург рүү хүргэлээ. Тэнд цогцосыг таниулах ажлыг зохион байгуулах юм байна.

Орос, Египетийн мэргэжлийн багийнхан дээр Европын холбооны агаарын тээврийн мэргэжилтнүүд очиж, А321 онгоцны ослын шалтгааныг тодруулах хамтарсан мөрдөн шалгалт эхлүүлэх юм байна. Одоо осолдсон онгоцны хар хайрцагны мэдээллийг уншиж байж ослын бодит шалтгаан тодорхой болох юм. Энэ хооронд Оросын Урал Эйрлайнс агаарын тээврийн компани Египетийн Шарм Эль Шейх чиглэлд нислэг үйлдэхээ түр хугацаагаар зогсоож байна. Үүнээс өмнө Франц, Герман, Арабын Нэгдсэн Эмиратын агаарын тээврийн компаниуд Синайн хойг чиглэлд нислэгээ түр зогсоосон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын осолдсон онгоцны хар хайрцаг ослын шалтгааныг тайлна  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй