Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тухай суурь конвенц батлахдаа Хятадын дэмжлэгийг авах зорилготой Францын ерөнхийлөгчийн төрийн айлчлал Хятадын аж үйлдвэрийн төвүүдийн нэг Чунцин хотоос эхэлж байна.
Тэрээр айлчлалынхаа эхэнд энэ сарын сүүлээр Парис хотноо болох Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар үр дүнтэй гэрээ байгуулахад Хятад улсын дэмжлэг маш чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Дэлхийн дулаарлыг сааруулах, цэнхэр гаригаа аврах нь хүн төрөлхтний тулгамдсан асуудал төдийгүй улс орнуудын эдийн засгаа тогтвортой байлгах үндэс юм гэдгийг ч Франсуа Олланд цохон тэмдэглэжээ. Францын ерөнхийлөгчийн хувьд дэлхийн дулааралтай тэмцэхэд гол тоглогч Бээжинг цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын шинэ суурь конвенцийг батлахад шийдвэрлэх түлхэц өгөхөд нөлөөлөх, ятгах зорилгоор Хятад улсад төрийн айлчлал хийж байна.
Хятад нь дэлхийн дулааралд нөлөөлөгч гол хүчин зүйл хүлэмжийн хий ялгаруулалтаараа тэргүүлэгч гэдэг үүднээс НҮБ-ын бага хуралд гол оролцогч байх юм. НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд хүлэмжийн хий бууруулахад ямар үүрэг хариуцлага үүрэх вэ гэдгийг ерөнхийд нь тодорхойлж, гэрээнд зааж өгөх юм. Францын ерөнхийлөгчийн айлчлалын бас нэг гол зорилго нь Хятад улстай худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх явдал.
Хятадын дарга өнгөрсөн 2 сарын хугацаанд АНУ, Их Британид төрийн айлчлал хийсний дараа Германы канцлер Хятад улс бизнес эдийн засгийн зорилготой айлчлаад буцсан. Европын орнууд ялангуяа Герман, Франц, Их Британи зэрэг орнууд дэлхийн худалдаа эдийн засгийн талбар дахь том тоглогчдын нэг болсон Хятад улсаас хөрөнгө оруулалт татах, худалдаагаа нэмэгдүүлэхээр уралдаж, төр засгийн удирдлагууд нь Бээжинд ойр ойрхон айлчлах болсон. Франсуа Олландыг засгийн газрын болон пүүс компаниудын өндөр дээд тушаалын 40 гаруй төлөөлөл дагалдан явж байна. Түүний айлчлал БНСУ-д үргэлжлэх юм.
| Франсуа Олланд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна | ||
| Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.