Шууд Chart

Олборлох үйлдвэрлэлийн орлого багасчээ

2015-11-03 15:49:07

Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ил тод мэдээлэх зорилгоор Засгийн газраас шилэн данс хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг үүн шиг уул уурхайн баялгийг ашиглаж байгаа компаниуд тайлан мэдээллээ олон нийтэд ил тод хүргэдэг болоод 10-аад жил болж байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал амьдралд яаж хэрэгжиж, үр дүнгээ хэрхэн өгч байгаа талаар салбарынхан хэлэлцлээ.

Олборлох салбарын ил тод байдлын жил бүрийн нэгтгэл тайланд хамрагдсан компаниуд улсын төсвийн урсгал орлогын 30-50 хувийг бүрдүүлжээ.

2011 онд улсын төсвийн урсгал орлого 4 их наяд төгрөг байснаас 54 хувь нь олборлох үйлдвэрээс, 2012 онд улсын төсвийн орлого өссөн ч олборлох салбарын хувь 33 болж буурсан. Харин 2013 онд улсын төсвийн урсгал орлого 6 их наяд орчим болж нэмэгдсэн бол олборлох үйлдвэрлэлийн орлого түүний 27 хувьд хүрсэн байна.

Тайлан мэдээллээс харахад олборлох үйлдвэрлэлийн орлого жил ирэх бүрт багассан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тогтвортой ажиллагаатай шууд холбоотой. Тухайлбал, “Монголросцветмет” компанийн харьяа Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэр л гэхэд 2012 оноос хойш жоншны борлуулалт багассанаас болж үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаараа явуулах боломжгүй болжээ.

Иймээс эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай баталж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй байгааг салбарынхан тодотгож байна. Мөн Олборлох үйлдвэрлэлээс орж байгаа орлогоос улсын төсөвт төлсөн татвар нь буцаад Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрч байна уу, орон нутагт төлөгдөж байгаа газрын төлбөр, усны төлбөрийг зохистой зарцуулж байна уу зэрэг асуудлыг иргэдэд эргэн мэдээлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олборлох үйлдвэрлэлийн орлого багасчээ  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй