Шууд Chart

Т.Амина: “Уруулаа бүү нуугаарай” дууны клипны хоёрдугаар анги хийгдэнэ

2015-11-04 10:49:12

 Монгол Улсын филармонийн дуучин Т.Аминатай ярилцлаа.  

-Нийслэлийн 376 жилийн ойгоор “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклд тоглосон гэж сонссон. Ярилцлагаа эндээс эхлүүлье?  

-Сүүлийн сар гаруйн хугацаанд “Улаанбаатар” чуулгын байранд “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл уран бүтээл тавигдахад гар бие оролцлоо. Мюзиклийг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгаас санаачилж хийсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулалттайгаар дэмжиж удирдаж оролцсон. Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан хоёр дахь удаагаа энэхүү мюзиклийг тавилаа. Миний хувьд энэ бүтээлд гол дүрийн эмэгтэй Энхриймаагийн дүрийг бүтээсэн. Залуучуудын амьдралд хандах хандлага, хариуцлагын талаар түлхүү өгүүлсэн мюзикл юм. Дуулалт болон жүжиглэлт, бүжигтэй, хөгжим дуугаралт гээд бүгд амьд байснаараа онцлогтой. Үеийн чадварлаг, авьяаслаг хамт олон, залуустай хамтран ажилласандаа сэтгэл их өндөр байна.

-Мюзиклийг хэдэн өдөр тоглосон бэ?

-Нийслэлийн 375 жилийн ойгоор 2-3 удаа тоглож байсан. Харин энэ жил ганц удаа тоглолоо.

-Т.Амина сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Монголчуудын сайн мэддэг “Чи бидэн хоёр” дууг дуулж, клипжүүлсэн байсан?

-Зун болоод хүмүүс амарч зугаалаад ирэх хооронд өөрийгөө нэлээн дайчилж ажилласан. Ингэсний хүчээр ургац арвин хураалаа. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, СТА Ц.Нямдоржийн хөгжим “Чи бидэн хоёр” хэмээх сайхан дууг есдүгээр сарын 2-ны билэгт сайн өдөр үзэгчдэдээ хүргэсэн. Энэ дууны маань клип шүүмжлэгч, үзэгчдээс багагүй таашаал хүртсэн гэсэн судалгаа байгаа. Үзэгч, сонсогчдод хүрсэн бүтээл болсон учир тэднийхээ үгэнд тэжээгдэж, урам авч байна. Клипны хувьд зохиол гэхээсээ илүүтэй “ILOB” продакшнтай хамтран ажилласан. “Чи бидэн хоёр” дууныхаа араас “Уруулаа бүү нуугаарай ” дуундаа клип хийлгэсэн.   

-Олон уран бүтээлч “Чи бидэн хоёр” дууг олны хүртээл болгосон байдаг. Таны хувьд тэр дуучдаас юугаараа ялгарсан гэж бодож байна?

-Эстрад урлагийн эхний түүхэнд “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” хамтлаг дуулж байсан. Тэд бид бүхний домог, бахархал шүтээн шүү дээ. Дуучин Л.Оюунчимэгийн дуулснаар анх үзэгчдэд хүрч байсан. Мөн дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нарын дуулснаар хүмүүс сайн мэддэг дуу л даа. Би их зориг гаргаж, найруулгын хувьд өөрчилж дуулсан. Найруулгыг “Аадар” хамтлагийн С.Алтанзавъяа хийсэн. Богино хугацаанд хурдацтай хийгдсэн бүтээл. “Facebook”-т тавихад нэг өдөр 50 мянга гаруй хандалт авсан байсан. Түүнээс их урам авсан.  

-“Уруулаа бүү нуугаарай” дууныхаа талаар сонирхуулаач?  

-“Аадар” хамтлагийн гоцлол дуучин, хөгжимчин С.Алтанзавъяагийн үг, аяаар бүтсэн дуу байгаа юм. Хайрын тухай дуу. Залуу хосууд ямар ч үед нэг нэгнийгээ хайрлах, эцсээ хүртэл хайрласаар байгаа гэдгийг харуулахыг зорьсон. Энэ дууны клипны нэг онцлог бол  хоёрдугаар анги гэж хийгдэнэ. Клипны гол дүрд модель, жүжигчин О.Амгаланбаатар, СТА жүжигчин М.Бямбаа нар тоглосон.  

-Ганцаарчилсан уран бүтээл хийгээд явж байна. Харин Улсын филармонид ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?  

- Монгол Улсын филармони бол “Морин хуурын чуулга”, “Баянмонгол” чуулга дуучдын анги бүрэлдэхүүнтэй. Их өнөр өтгөн айл шүү дээ. Жил бүр уламжлал болгон улирлын чанартай нээлтүүдийг хийдэг. Аравдугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд өөрсдийн зааланд өвөл цагийнхаа нээлтийг хийсэн. Шинэ жилийн холбогдолтой аялгуу дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолт хийхээр бэлтгэлдээ гарсан байгаа.

-Бусад чуулгыг бодвол Монгол Улсын филармонид залуу дуучин түлхүү байдаг байх ?

-Би ажилд ороод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх орж байхад хамгийн бага нь байлаа. Түүнээс хойш бүрэлдэхүүн, бүтцийн хувьд өөрчлөгдөөд шинэ залуу дуучид нэмэгдэж орсон.

-Өөрийн тань амралтын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  

-Гэртээ өнжиж, амрах ер нь ховор доо. Долоо хоногт тоотой өдрүүдэд л байдаг. Хөдөөгүүр томилолтоор нэлээн явдаг болохоор амралт гэдгийг бүүр мартах шахаж. Оюутан байхдаа ч хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан болохоор ер нь их ховор амардаг байсан. Сүүлдээ бүр дадал болоод одоо сурч байх шиг байна даа.

Б.Дулмаа


Т.Амина: “Уруулаа бүү нуугаарай” дууны клипны хоёрдугаар анги хийгдэнэ   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй