Өчигдөр Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН-ы гишүүн орны батлан хамгаалахын сайд нар Малайзын нийслэл Куала-Лумпур хотод уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцон, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай газар нутагт зөрчил мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга замыг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хиймэл арлын усан хилийг зөрчсөнөөр тус бүс нутаг дахь нөхцөл байдал хурцдаад байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэхээр цугласан батлан хамгаалахын сайд нарын зарим нь Өмнөд Хятадын тэнгист улс орнууд хамтарсан харилцаа холбооны механизм байгуулахыг уриалсан байна.
Түүнчлэн тус бүс нутаг дахь газар нутгийн маргааныг энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэйг тэд онцолж байлаа. Филиппины төлөөлөгчид тус бүс нутагт улс орнуудын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд сөргөлдөх, санамсаргүй харилцан гал нээхээс сэргийлсэн дүрмийн үйлчлэх хугацааг сунгах санал тавьсан байна. Уулзалтад АСЕАН-ы 10 орны батлан хамгаалахын сайд нар болон АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Австралийн төлөөлөгчид оролцжээ.
| АСЕАН-ы батлан хамгаалах сайд нар уулзлаа | ||
| Үзсэн: 233 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.