Синайн хойгт сүйрсэн Оросын онгоцны талаар тайлан бэлтгэх ажилд 1-ээс 4 долоо хоногийн хугацаа орно гэж Египетийн засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кавиш мэдэгдсэн байна. “Хар хайрцагны мэдээллүүдийг тайлж унших ажил тэдгээр хайрцагны олдсон техникийн нөхцлөөс ихээхэн шалтгаална” гэдгийг тэрээр орон нутгийн Си-Би-Си тв-ээр ярих үедээ хэлснийг РИА Новости агентлаг уламжиллаа.
“Иргэний нисэхийн сайд хар хайрцгууд хэвийн байдалтай олдсон гэж мэдэгдсэн, тиймээс тайлан богино хугацаанд 1-ээс 4 долоо хоногт багтаж гарах ёстой” гэж аль-Кавиш нэмж дурджээ. Хар хайрцгуудын нэгэнд нь онгоцны системийн нөхцлийн талаарх мэдээлэл агуулагдаж байгаа бол, нөгөөд нь онгоцны бүхээгт болж байгаа үйл явдлууд болоод нисгэгч нарын хоорондын яриа бичигдсэн байгаа юм. Оросын онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөх шалгах комиссын бүрэлдэхүүнд Египет, Орос, Франц, Герман, Ирландын мэргэжилтнүүд, мөн онгоцыг эзэмшигч “КогалымАвиа” нисэх компанийн төлөөлөгч багтаж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ гадны хэд хэдэн нисэх компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоосон тухайд египетийн засгийн газрын төлөөлөгч үндэслэлгүй, бас яарсан шийдвэр гэж нэрлэжээ. Гэхдээ энэ шийдвэр нь Египет улсын аялал жуулчлалын салбарт сөрөг үр дагавар дагуулж болзошгүй гэдгийг Египетийн дээрх төлөөлөгч үгүйсгээгүй байна. Оросын төдийгүй Зөвлөлтийн нисэхийн түүхэнд хамгийн томд орох онгоцны сүйрэл өнгөрөгч 10 сарын 31-ний өдөр болсон. Шарм-эль-Шейхээс Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан “Когалым-Авиа” нисэх компанийн АэробусА321 онгоц Синайн хойгт унаж сүйрсэн юм. Онгоцонд 217 зорчигч, нисэх багийн 7 гишүүн, нийт 224 хүн явсан нь бүгд амь эрсэдсэн юм. Оросын энэхүү онгоцны сүйрлийн дараа “Эйр Франс”, “Люфханза”, “Эйр Арабиа”, “Эмирэйтс Эйрлайн”, “Флай Дубай” зэрэг олон улсын хэд хэдэн томоохон иргэний агаарын тээврийн компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоосноо зарлаад байгаа юм.
| Осолдсон онгоцны талаар тайлан бэлтгэнэ | ||
| Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.