Кубын төрийн өмчит мэдээлэл харилцааны компани ЭТЭКСА болон Америкийн мэдээлэл харилцааны Спринт корпораци гар утасны роаминг үйлчилгээний гэрээ байгуулжээ. Ингэснээр хоёр улсын иргэд хоорондоо болон гадаад улс орон руу ярихад чөлөөтэй болж байгаа төдийгүй энэхүү гэрээг хоёр улсын харилцаа нааштай эргэж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Энэ гэрээг Хаванагийн олон улсын үзэсгэлэнгийн үеэр байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд 70 гаруй орны 900 орчим компани оролцож байгаагаас АНУ-ын 20 гаруй компани байна. Өнгөрөгч долоодугаар сард АНУ-ын элчин сайдын яам Хаванад дахин нээгдснээс хойш хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааны эргэлт эрс нэмэгдсэн байна. Үүний нэг илрэл болж 8-р сараас эхлэн АНУ-ын хамгийн том мэдээлэл, харилцааны компани болох Верайзон компани Кубад роаминг үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Гэхдээ Верайзон гуравдагч талын шугам хэрэглэж үйлчилгээ үзүүлдэг байснаас гадна Кубатай албан ёсны гэрээ байгуулаагүй байсан юм.
Харин Спринт корпорацийн хувьд Кубын төрийн өмчит мэдээлэл, харилцаа холбооны гол компани ЭТЭКСА-тай гэрээ байгуулж байгаагаараа анхдагч болж байна. Цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаа төр, хувийн хэвшлийн хэмжээнд улам ч өргөжнө гэж найдаж байгаагаа үзэсгэлэнд оролцогсод мэдэгдсэн байна.
| АНУ, Кубын компаниуд роуминг үйлчилгээний гэрээ үзэглэв | ||
| Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.