Шууд Chart

"Монгол бахархал" арга хэмжээ боллоо

2015-11-04 13:21:14

“Гэр” төв, түүний дэргэдэх “Би Монгол” сургуулиас санаачлан зохион байгуулсан “Монгол бахархал-2” соёл, урлагийн арга хэмжээ 11 дүгээр сарын 1-ний Калифорни мужийн Оакланд хотын Азийн соёлын төвд амжилттай болж өнгөрлөө.

Энэ арга хэмжээний эхэнд АНУ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Гадаад харилцааны дээд сургуулийн монгол хэлний багш, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ “Тэл хэл, тэл соёл” /Bilingualism and culture/ сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтнүүдийн талаарх өөрийн авчирсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ тайлбарлав.

Үүний дараа тус төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Эс-Олдох үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулан үг хэлж, Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний төгсгөлд нь тус төвийн авьяаслаг сурагчид өөрсдийн уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулав.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар хилийн чанадад 30 орчим Монгол сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 11 нь АНУ-д байна. 2009 онд анх 17 сурагчтай анх үйл ажиллагаагаа эхэлж байсан “Би Монгол” сургууль эдүгээ 103 сурагчтай болжээ. Байгуулагдсанаас хойш нийт 350 гаруй сурагчид сургалтанд хамрагдсан байна. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа монгол сургуулиуд дундаас сурагчдынхаа тоогоор Сөүл дэх Монгол сургуулийн дараа хоёрдугаарт ордог “Би Монгол” сургууль нь зөвхөн сурагчдынхаа сургалтын төлбөр, дэмжигчдийнхээ хандиваар санхүүждэг юм.

2015 онд “Миний Монгол хэл-1” сурах бичгийг тус төвийн Тэргүүн Т.Эс-Олдох эхийг зохиож, хэвлүүлэн АНУ-д төдийгүй гадаад дахь монгол сургуулиудын сургалтанд хэрэглэж эхлээд байгаа нь монгол сургуулиудын багш нарын талархлыг хүлээж, ихээхэн эрэлттэй байна.

“Гэр” төв нь төрөлх хэл, үндэсний соёл, зан заншил, түүхийг хүүхэд багачуудад өвлүүлэх, АНУ-д ардын урлагаа сурталчлах зорилгоор жил бүр “Монголын Эрдэнэс”, “Монгол бахархал”, Эх үрсийн баяр-Хүүхдийн баяр, Шинэ жилийн баяр-Гэр бүлийн баяр  зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, АНУ-д амьдардаг монголчууд төдийгүй жирийн америк иргэдийн талархлыг хүлээж ирсэн юм.


"Монгол бахархал" арга хэмжээ боллоо  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй