Шууд Chart

Япон, Филиппиний батлан хамгаалахын сайд нар уулзлаа

2015-11-04 16:48:43

АСЕАН-ы батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтын хүрээнд өчигдөр Японы батлан хамгаалахын сайд Ген Накатани, Филиппиний батлан хамгаалахын сайд Вольтер Газмин нар уулзлаа. Энэ үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх улс орнуудын газар нутгийн маргааны асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийлсэн  байна.

Уулзалтын эхэнд Ген Накатани Филиппиний засгийн газар Гааг дахь Арбитрын байнгын шүүхэд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятад улсын эсрэг зарга үүсгэснийг Япон улс дэмжиж байгааг илэрхийллээ. Тэрээр олон улсын дэг журмыг хадгалах, сайжруулахын тулд улс орнууд маргаанаа энэ мэтчилэн олон улсын хууль дүрмийн дагуу энхийн замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн Филиппиний үйлдлийг сайшаасан байна.

Филиппиний засгийн газар Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх нутаг дэвсгэрийг Хятад улс өөрийн эзэмшлийнх гэж үзэж байгаа нь Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцийг зөрчиж байна хэмээн Арбитрын байнгын шүүхэд зарга үүсгэсэн юм. Филиппиний батлан хамгаалахын сайд Вольтер Газмин зарга үүсгэснийг дэмжсэн Японд талархал илэрхийлээд, олон улсын дэглэмтэй далай тэнгист улс орнууд чөлөөтэй зорчих эрхийг хангах, хамгаалахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Өнөөдөр хоёр орны батлан хамгаалахын сайд нар АСЕАН-ы цэргийн сайд нарын өргөтгөсөн уулзалт, хуралдаанд оролцоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Филиппиний батлан хамгаалахын сайд нар уулзлаа  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй