Америкийн байлдааны нисэх онгоц Афганистаны хойд хэсэгт орших Кундуз хотын эмнэлгийг бөмбөгдсөнөөс хойш нэг сар өнгөрлөө. Тус эмнэлгийг ажиллуулдаг байсан “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага хэргийг мөрдөн шалгах хараат бус шинжээчдийн баг томилохыг шаардан, өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотод жагсаал зохион байгуулсан байна.
Аравдугаар сарын 3-нд АНУ-ын сөнөөгч онгоц Кундуз хотыг Талибаны дайчдаас чөлөөлөх зорилгоор агаараас цохилт өгөх үеэрээ “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмнэлгийг бөмбөгдсөн. Үүний улмаас наад зах нь 30 хүн, тэдний дунд 13 ажилтан, 10 өвчтөн амь үрэгдсэн юм. Кундуз дахь эмнэлгийн байршлыг "Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллагынхан АНУ-д удаа дараа мэдээлж байсан атал ямар шалтгаанаар эмнэлэг агаарын цохилтод өртөх болсныг хараат бус шинжээчдийн баг шалгах ёстой гэж тус байгууллага шаардаж байгаа юм.
Эмнэлэгт энэ мэт дайралт, халдлага үйлдэх нь цэргийн гэмт хэрэг болохыг Нью-Йоркт болсон жагсаалд оролцогчид онцлон, “Дайнд хүртэл дүрэм бий” гэх уриа лоозонг барин жагссан байна. Бельгийн нийслэл Брюссель, Италийн нийслэл Ром хотод мөн энэ асуудлаар жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Түүнчлэн хараат бус шинжээчдийн баг томилж, Кундуз хотын эмнэлгийг агаараас бөмбөгдсөн хэргийг шалгуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас хүссэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын өргөдөлд 400 мянга гаруй хүн гарын үсэг зурсан мэдээ байна.
| “Хил хязгааргүй эмч нар” жагсаал зохион байгуулав | ||
| Үзсэн: 369 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.