Шууд Chart

АСЕАН-ы өргөтгөсөн уулзалтаар хамтарсан тунхаглал гаргахгүй

2015-11-05 10:07:44

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН-ы гишүүн орны батлан хамгаалахын сайд нарын 3 дахь удаагийн өргөтгөсөн уулзалт Куала-Лумпурт үргэлжилж байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг уулзалт Малайз улсын нийслэлд эхлээд байгаа.

Энэ удаагийн өргөтгөсөн уулзалтад Зүүн Өмнөд Азийн 10 улс дээр Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Орос, Америкийн батлан хамгаалах сайд нар нэмж оролцож байна. Уулзалтын үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв болох Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг улс орнуудын хамтарсан тунхаглалд тусгахаар төлөвлөж байсан ч өнөөдөр энэ төлөвлөгөө өөрчлөгдөж, хамтарсан тунхаглал гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Хятад улс хамтарсан тунхаглалын агуулгад Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг тусгуулахгүйн тулд идэвхтэй лобби явуулснаас болж шийдвэр ийнхүү өөрчлөгдлөө гэж Америкийн төлөөлөгчид тайлбарлаж байна.

Харин Хятадын батлан хамгаалах яам энэ тайлбарыг үгүйсгэж, хамтарсан тунхаглалд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг тусгах гэж оролдсон Америкийг буруутгасан хариу мэдэгдэл хийлээ. 2012 онд Камбожид зохион байгуулсан АСЕАН-ы чуулга уулзалтаар үүнтэй төстэй явдал болж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх санал зөрөлдөөнөөс үүдэн улс орнууд АСЕАН-ы түүхэнд анх удаа хурлын эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй юм.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист Хятадын байгуулсан хиймэл арлын усан хилд нэвтэрснээс үүдэн тус бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан. Иймээс уулзалтад оролцогч талууд Өмнөд Хятадын тэнгист талуудын хооронд санамсаргүй сөргөлдөөн гарахаас сэргийлэх зорилгоор шуурхай, найдвартай шууд утас байгуулахаар тохиролцсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕАН-ы өргөтгөсөн уулзалтаар хамтарсан тунхаглал гаргахгүй  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй