Шууд Chart

Дүрвэгсдийн асуудал хүндэрсээр байна

2015-11-05 10:25:43

Дэлхий даяар дайн, үймээн самуунаас дайжиж, эх нутгаа орхин яваа 60 гаруй сая дүрвэгч бий. Харин эдгээр дүрвэгчдэд туслах НҮБ-ийн санхүүжилт, нөөц шавхагдаж дуусч байгаа талаар өчигдөр НҮБ-ийн дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерреш мэдэгдсэн байна.

“Орон гэрээ орхин дүрвэж байгаа хүний тоо 2010 онд 11 мянга байсан бол өнгөрсөн 2014 онд 42,5 мянга болж нэмэгдсэн, ингэснээр тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөрөнгө мөнгөний зардал өсөж, НҮБ-ын чадамж үнэхээр шавхагдан дууссан” гэж ноён Гутерреш хэлсэн байна. Өнгөрсөн жил гэхэд НҮБ олон улсын байгууллагуудын тусламжтайгаар 3.3 тэрбум америк долларыг дүрвэгчдийн асуудалд зарцуулахаар төлөвлөсөн боловч энэ төсөв дүрвэгчдийн наад захын хэрэгцээг хангахад ч хүрээгүй байна.

Тэр байтугай Ливи дэхь Сирийн дүрвэгчдийн 70 хувь нь нэн ядуу нөхцөлд, Йордан дахь сиричүүдийн 86 хувь нь ядуурлын шугамаас доор түвшинд амьдарч байгаа юм. Европд ч нөхцөл байдал үүний адил хүнд байна. Европын Холбоо энэ жил 750 мянган дүрвэгч хүлээн авсан бөгөөд Европыг зорьж байгаад амь эрсэдсэн дүрвэгчдийн тоо аль хэдийн 3300 даваад байна.

Зөвхөн өнгөрсөн 7 хоногт л гэхэд 13 завь Грекийг зорих замдаа далайд осолдож, 150 гаруй хүн амиа алдаж, сураггүй алга болсон байна. Түүнчлэн өвлийн хахир хүйтэн цаг ирж байхад Европ дахь дамжин өнгөрүүлэх цэгүүд дээр 160 мянган хууль бус цагаач, дүрвэгч Европын аль нэг орон руу шилжихээ хүлээж байна. Хэдийгээр шилжилт хөдөлгөөний ажлыг Грекээс эхлэн хэрэгжүүлж байгаа ч шийдвэрлэх асуудал, тэр тусмаа эдийн засгийн асуудал ар араасаа цувран гарч ирсээр  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгсдийн асуудал хүндэрсээр байна  
Үзсэн: 2197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй