Малайзын нийслэл Куала Лампурт болж байгаа АСЕАН-ы гишүүн орнуудын батлан хамгаалах сайд нарын өргөтгөсөн уулзалтад АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер оролцож байна. Өчигдөр тэрээр АСЕАН-ы уулзалтын хүрээнд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж байгаа Америкийн хөлөг онгоцоор зочлоно гэдгээ мэдэгджээ.
Өнөөдөр Америкийн батлан хамгаалахын сайд Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист байршиж байгаа Америкийн Теодор Рузвельт хөлөг онгоцонд сууж, эргүүл хийх үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Картер энэ үйлдлээрээ Ази Номхон далайн бүс нутагт Америк хэр их ач холбогдол өгч байгааг олон улсад таниулах зорилготой гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Өмнөд Хятадын тэнгист байгуулсан хиймэл арлаасаа усан хилээ тооцно гэх Хятадын байр суурийг эсэргүүцэж байгаагаа дахин нэг удаа харуулахын тулд, Америкийн батлан хамгаалахын сайд ийм шийдвэр гаргасан гэж ажиглагчид үзэж байна. “Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа бодлогоороо Америк бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэх дүгнэлттэй та санал нийлэх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад Картер “Америкийн хөлөг онгоц тус бүс нутагт эргүүл хийсээр ирсэн түүхтэй. Харин хиймэл арал байгуулж байгаа Хятадын үйлдэл л бүс нутагт хурцадмал байдал үүсгэж байна” хэмээн хариулсан байна.
| Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист очно | ||
| Үзсэн: 263 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.