Өмнөд Суданы нийслэл Жуба хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачаа тээврийн онгоц осолдож, улмаар 30 гаруй хүн амь насаа алджээ. Ослоос амьд үлдсэн 2 хүний нэг нь шархаа даалгүй нас барсан талаар Өмнөд Суданы тээврийн сайд мэдээлсэн байна.
Өмнөд Суданы ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар онгоцонд хөлгийн багийн зургаан гишүүн, нийт 18 хүн зорчиж явсан юм байна. Зорчигчид бүгд Өмнөд Суданы иргэн байсан бол хөлгийн багийн зургаан гишүүний тав нь Армен, нэг нь Оросын иргэн байжээ.
Антонов Ан-12 загварын тус онгоц нисэх зурвасаас хөөрөөд ердөө 800 метрийн зайтай газарт унаж, осолдсон байна. Онгоцонд сууж явсан зорчигчдоос гадна ослын газарт байсан 10 гаруй хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Эрх баригчид одоогийн байдлаар амиа алдсан 36 хүний цогцсыг илрүүлсэн гэж мэдэгдээд байгаа юм.
Харин ослын газарт байсан гэрчүүд 41 хүний цогцос байсан гэх зөрүүтэй мэдээлэл өгснийг Ройтерс агентлаг мэдээлж байна. Ослын газарт очсон Өмнөд Суданы онцгой байдлын албаныхан амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг илрүүлэх, онгоцны хар хайрцгийг гаргаж авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
| Өмнөд Суданд онгоц осолджээ | ||
| Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.