БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Японы бизнес эрхлэгчдийн төлөөллийг Бээжинд хүлээн авч уулзлаа. Японы 200 орчим бизнес эрхлэгч оролцсон энэ уулзалтын үеэр Хятад Японы харилцааг сайжруулах нь эдийн засгийн салбарт эрчимтэй хамтран ажиллахад томоохон түлхэц болно гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.
Сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаа Японы бизнес эрхлэгчид Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдтай уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гадна Японы Бизнес эрхлэгчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар оролцжээ. Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Сөүл хотноо Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар уулзалт хийн, өнгөрсөн түүхийг харилцан хүлээн зөвшөөрч, ирээдүйд чиглэсэн бодлого баримтлах замаар харилцаагаа сайжруулах хэрэгтэй хэмээн санал нэгдсэн юм.
Энэ удаагийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтаараа Ли Кэцян дээрх байр сууриа бататгаж, Хятад Японы хооронд урт хугацааны, тогтвортой, бат бөх харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэнэ гэдгээ дахин илэрхийлсэн байна. Энэ хүрээнд тэрээр Хятадын зах зээлд гадаадын компаниуд нэвтрэх боломжийг сайжруулж, хөрөнгө оруулалтын шударга, нээлттэй орчинг бүрдүүлэхээр ажиллахаа амласан байна. Ли Кэцян түүнчлэн хөгжиж буй орнуудад дэд бүтэц байгуулахад Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Хятад-Япон-Өмнөд Солонгосын гурван талт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
| Ли Кэцян Японы бизнес эрхлэгчидтэй уулзлаа | ||
| Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.