Шууд Chart

Румынд засгийн газрын эсрэг жагсаал улам эрчимжлээ

2015-11-05 17:26:41

Румыны нийслэл Бухарест хотод засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт тус улсын шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас 30 гаруй хүн амь насаа алдаж, 140 орчим хүн түлэгдэж гэмтсэн нь засгийн газар авлига хээл хахуульд идэгдэж, барилга байгууламжийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанд дүрэм журам мөрдүүлж чадаагүйгээс үүдсэн хэмээн жагсагчид үзэж байна.

СОНИ: Жагсаал эхлэх гол шалтгаан болох шөнийн цэнгээний газарт гал гарсан хэрэгт тус цэнгээний газрын эздийг буруутган, баривчилжээ. Коллектив нэртэй энэхүү шөнийн цэнгээний газар хангалттай тооны ослын гарцгүй, түүнчлэн концерт зохион байгуулах зориулалтгүй байсан нь галын үеэр олон хүн амь үрэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Харин шаардлагад нийцээгүй ийм шөнийн цэнгээний газрыг ашиглалтад оруулсан эрх баригчид гол хариуцлагыг үүрэх хэрэгтэй хэмээн үзэж, бухимдсан олон мянган иргэд Мягмар гарагт Бухарест хотын гудамжинд жагсаал зохион байгуулсан юм.

Нийт 20 орчим мянган хүн оролцсон энэ жагсаалыг намжаах зорилгоор өчигдөр Румыны ерөнхий сайд Виктор Понта ард иргэдийнхээ хүсэл шаардлагыг хүлээн авч, албан тушаалаасаа огцорсон байна. Гэвч тус улсын төрийн тогтолцоонд үүрлэсэн авлига хээл хахуулийн асуудал ганц ерөнхий сайд огцорсноор шийдэгдэхгүй гэж үзсэн ард иргэд жагсаал цуглаанаа улам эрчимжүүлж эхэллээ.

Өчигдөр Виктор Понта огцорч байгаагаа зарласан мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа жагсаал дахин эхлэхэд оролцогчдын тоо улам нэмэгдэж, 30 мянгад хүрсэн мэдээ байна. Түүнчлэн Румыны өөр хэд хэдэн хотод жагсаал цуглаан зохион байгуулж эхэлжээ. Жагсагчид Румыны эрх баригчдаас дахин сонгууль явуулж, авлига хээл хахуульд идэгдсэн засаг төрөө солихыг шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Румынд засгийн газрын эсрэг жагсаал улам эрчимжлээ  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй