Шууд Chart

ОХУ-ын онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байж болзошгүй гэж үзэв

2015-11-06 10:16:27

Өнгөрсөн бямба гарагт Египетийн Синайн Хойгт осолдсон ОХУ-ын иргэний агаарын тээврийн А321 онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байж магадгүйг тагнуулын мэдээлэлд үндэслэн Их Британи, АНУ-ын талаас мэдэгдэж байна. Гэхдээ Вашингтон, Лондонгийн аль аль нь үүнийг Оросын онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэх албан ёсны дүгнэлт биш гэдгээ онцолж мэдэгджээ.

Их Британи Египетийн "Шарм Эль Шейх" чиглэлд нислэгээ түр зогсоосон байна. Харин Египетийн эрх баригчид ОХУ-ын онгоцыг пуужингаар харваж сүйрүүлсэн гэх "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэх бүлэглэлийн мэдэгдлийг няцаасан хэвээр байна. Тэдний энэ мэдэгдэл цэвэр ухуулга, суртлын чанартай, тэдэнд өндөрт онгоц сөнөөх хүчин чадалтай зэвсэг техник байхгүй гэж Египетийн тал үзэж байна.

Харин Оросын агаарын тээврийн мэргэжилтнүүд 224 хүний амь нас хохирсон ослын шалтгааныг дүгнэхэд хэтэрхий эрт байна гэсэн тайлбар өгч байгаа. Мөн өчигдөр Египетийн албаныхан Метрожетийн Эйрбус 321 онгоцны нэг хар хайрцаг эвдрэлтэй байна, гэхдээ шинжээчдийн баг түүнээс мэдээллийг бүрэн авах, уншихад нэг их төвөг учрахгүй болов уу гэсэн мэдээллийг өгчээ.

Одоо шинжээчид хохирогчдын цогцосонд задлан шинжилгээ хийж, онгоцны хар хайрцагуудын мэдээллийг тайлж унших ажил хийгдэж байна. Мөн өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын армийн хиймэл дагуулд Синайн хойгийн бүсээс дэлбэрэлтийн дулаан илэрсэн тухай Вашингтоны хэвлэлүүд мэдээлсэн. Одоогоор энэ мэдээллийг нягталж байна, гэхдээ дэлбэрэлтийн ийм дулаан нь дэсрэх бөмбөг, түлшний сав, эсвэл хөдөлгүүрт дэлбэрэлт болсон үед л мэдрэгддэг гэдгийг Америкийн армийн албан тушаалтнууд мэдэгджээ.

Харин ОХУ-ын зүгээс А321 онгоцны ослыг Сири дэх агаарын цэргийн ажиллагаатай нь холбохгүй байхыг улс орнуудаас хүсэж байна. Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас А321онгоц халдлагад өртсөн байж болохыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж, байсан ч энэ удаад онгоцны ослын шалтгааныг хамааралгүй зүйлтэй холбож тайлбарлахгүй байх, эрт таамаг дэвшүүлэхгүй байхыг хүссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байж болзошгүй гэж үзэв  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй