Шууд Chart

АСЕМ-ын сайдын түвшний уулзалт эхэллээ

2015-11-06 11:40:25

Ази-Европын чуулга уулзалтад оролцогч орнуудын гадаад хэргийн сайд нар, төрийн өндөр албаны хүмүүсийн хоёр өдрийн уулзалт Люксембургт эхэлж байна. Люксембург энэ оныг дуустал Европын Зөвлөлийг даргалж байгаа учир тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Европт дүрвэгсдийн хямрал туйлдаа хүрээд байгаа ийм үед болж байгаа сайд нарын түвшний 12 дахь уулзалт “Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтдаа ажиллая” уриан дор зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлууд, байгалийн болон техник технологийн холбогдолтой сүйрлийн эсрэг тэмцэх чиглэл дэх харилцаа хамтын ажиллагаа, мөн уур амьсгалын асуудлууд багтсан байна. Үүнээс гадна ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ын 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин баасан гарагийн яриа хэлэлцээний анхаарлын төвд, цагаачдын асуудал болон бүс нутагт тулгарч байгаа аюул сорилтууд, Сирийн дайн зэрэг хямрал сөргөлдөөнийг зохицуулах боломжууд байх юм байна. Хойд Африк болон Ойрхи Дорнод дахь хямралууд, ялангуяа Ливи, Сирийн хямралыг зохицуулах нь цагаачдын хямралыг шийдэх үйл явцын салшгүй нэг хэсэг гэж Европ үздэг юм. “Уулзалтад оролцогч сайд нар дайн хямралыг зохицуулах, терроризмтой тэмцэх ямар нэг тодорхой үйл ажиллагаа, арга хэлбэрийн талаар ярихгүй.

Гагцхүү эдгээр асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа, хэрхэн шийдвэрлэж болох талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, өөр өөрийн улсад байгаа туршлагаа солилцох болно” гэж Европын Холбоог даргалж байгаа Люксембург улсын төлөөлөгч мэдээлсэн байна. Энэхүү чуулга уулзалтаас ямар нэг төгсгөлийн баримт бичиг эсвэл заавал дагаж мөрдөх шийдвэр батлахгүй. Гагцхүү Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини хэлэлцүүлгийн үр дүнг багцалж тоймлосон мэдэгдэл хийх юм. АСЕМ бол Европын 30, Азийн 21 улсын хооронд өргөн санал солилцоо өрнүүлдэг яриа хэлэлцээний талбар юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын сайдын түвшний уулзалт эхэллээ  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй