Шууд Chart

Улсын хэмжээнд амьжиргааны түвшин доогуур 78 мянга гаруй өрх байна

2015-11-06 18:55:54

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 700 гаруй мянган иргэн ямар нэг хэлбэрээр төрийн халамж үйлчилгээг авч байна. Жилдээ улсын төсвөөс 240 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг ч нийгмийн халамж үйлчилгээ зарим тохиолдолд эзнээ олж очдоггүй, өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг үр шимийг нь хүртэж чадахгүй байгаа юм байна. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газар л гэхэд хуулийн дагуу эрх үүсээгүй хүнд халамжийн мөнгө олгосон тохиолдол гарсан. Энэ нь халамжийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд тавих дотоод хяналт шалгалт сул байгаагийн илрэл гэж Нийслийн мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн халамжийн хяналтын Улсын ахлах байцаагч Г.Энхжаргал хэлж байна.

Гадны шинжээчид Монгол Улсын төрөөс олгодог халамжийн талаар ямар зөвлөмж гаргасан талаар товч дурдвал, эдийн засаг хүндэрсэн энэ үед эмзэг, ядуу иргэдэд төрийн халамж зайлшгүй хэрэгтэй байдаг. Үүнийг хумих юм уу, багасгах шаардлагагүй. Харин зарим нэгэн шаардлагагүй халамжуудаасаа татгалзах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.

Нийгмийн халамжийн сангийн дийлэнхийг амьжиргааны түвшин доогуур иргэдэд зарцуулдаг болохыг холбогдох албаныхан хэлж байна. Гэтэл зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 2014 оны зургаадугаар сард хийсэн судалгаагаар 853 иргэн орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. Тэдгээр иргэн цагдаагийн алба хаагчдын ачааг ч давхар нэмдэг гэж хэлж болох юм. Тухайн иргэдэд бэлэн мөнгө, орон гэр өгөхөөс илүүтэй амьжиргааны баталгааг нь хангахад чиглэсэн төрийн бодлого хэрэгтэй байгааг цагдаагийн албаныхан хэлж байна.

Улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 712 мянга гаруй айл өрх бий. Үүнээс амьжиргааны түвшин маш доогуур буюу бага хэрэглээтэй 78 мянга гаруй айл өрх байна. Үүнээс гадна, Эрсдэлд өртөхөд ойр буюу амьжиргааны түвшин доогуур бүлэгт хамаарах магадлалтай 46 мянга гаруй айл өрх байна гэсэн судалгааг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ онд судлан гаргасан байна. Эдгээр айл өрхөд зориулж улсын төсвөөс жил бүр 240 орчим тэрбум төгрөгийг Нийгмийн халамжийн санд төвлөрүүлж, 71 төрлийн төрийн халамж үйлчилгээг үзүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын хэмжээнд амьжиргааны түвшин доогуур 78 мянга гаруй өрх байна   
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй