Иргэдийн дунд шатахууны чанараас болоод автомашиных нь эд анги гэмтсэн, түүнчлэн шатахуун дутуу шахсанаас үүдээд бага километр туулсан гэх мэт гомдол ихээр гардаг. Стандартчилал, хэмжилзүйн газраас шатахуун түгээх станцуудыг жилд хоёр удаа шалгаж, баталгаажуулдаг байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-ууд оны эхэнд Стандартчилал, хэмжилзүйн газартай гэрээ байгуулдаг. Үүний дүнд тус газраас жилд хоёр удаа буюу намар, хаврын улиралд чанарын баталгаажуулалт хийдэг байна. Тухайлбал, энэ намрын баталгаажуулалт өнгөрөгч 10 дугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 1-нийг дуустал үргэлжилнэ. Ийм баталгаажуулалт хийгдсэн ШТС-ын түгээх үйл ажиллагаанд ямар нэг алдаа гарахгүй гэдгийг Стандартчилал, хэмжилзүйн газрын мэргэжилтэн А.Галбаатар хэллээ.
Өөрөөр хэлбэл, шатахуун түгээлтэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MNS3015 гэсэн стандартын дагуу шалгаж баталгаажуулалт хийдэг. Тэгэхээр Стандартчилал хэмжилзүйн газраас хийгдсэн баталгаажуулалт бүхий лацтай ШТС-ууд тоолуурын заалтын дагуу л шахаж байгаа гэсэн юм. Үүнийг шатахуун түгээх газрын ажилтнууд ч мөн баталж байгаа юм.
Харин дараагийн нэг асуудал бол бензиний чанар муугаас машины эд ангид гэмтэл гардаг тухай. Манай улсад нефть импортлогч зарим компаниуд нефтийн чанар шалгах өөрсдийн гэсэн лабораторитой байдаг. Харин өнгөрөгч наймдугаар сараас ийм лабораторигүй компанийн шатахууныг шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори шалгаж эхэлжээ.
Тодруулбал, уг лаборатори нийслэлийн хэмжээнд байгаа ШТС-ын шатахуунд өөрсдийнх нь зөвшөөрөлтэй шалгалт хийдэг бөгөөд энэ нь иргэдийн дунд байдаг эргэлзээг арилгах зорилготой юм байна.
Дээр хэлсэнчлэн автомашины эд анги гэмтэх, бага зай туулах нь иргэдийн ярьдаг шиг зөвхөн бензин дутуу шахсанаас шалтгаалахгүй. Харин шатахууны чанар, технологийн болон түгээгүүрийн насосын горим алдагдсан, тухайн жолоочийн машинаа жолоодож байгаа хурд, түүнчлэн автомашины эд ангийн элэгдэл зэрэг олон шалтгаантай гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
| Шатахуун түгээх станцуудыг жилд хоёр удаа шалгаж, баталгаажуулдаг | ||
| Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.