Шууд Chart

Сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад үг хэллээ

2015-11-07 08:59:10

11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад болж байгаа билээ. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдэвт энэхүү хуралдааны хоёрдугаар хэсэгт Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн “Ази Европын холбоо ба АСЕМ-ын ирээдүй” сэдвээр үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнц өдрөөс өдөрт даяаршиж буй өнөө үед яриа хэлэлцээний ач холбогдол улам бүр өсч байна. Энэ нь АСЕМ-ын 20 жилийн өмнө анх үүсэн байгуулагдах үеэсээ эхлэн баримталж ирсэн эрхэм зорилго юм. Мөн энэ нь Монгол Улсын АСЕМ-д нэгдсэн шалтгаан, олон улсын тавцанд манай ард түмний оруулах хувь нэмэр хэмээн бид үздэг. Сүүлийн жилүүдэд Ази Европын харилцаа холбоо гэдэг үг АСЕМ-ын уриа болсон төдийгүй Монгол Улс энэ ойлголтыг өргөн, гүнзгий утгаар нь авч үздэг. Бид Ази, Европын “хатуу” болон “зөөлөн” харилцаа холбоог өргөжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдол өгч, өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө ажиллаж байгаа билээ” хэмээсэн юм.

Монгол Улсын хувьд яриа хэлэлцээг бодит үр дүнд хүргэх нэг боломж нь 19 тодорхой салбарыг хамарсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм. Энэ хүрээнд манай улс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хавар “Сэргээгдэх эрчим хүчний семинар”-ыг амжилттай зохион байгуулсан юм.

Монгол Улс мөн Ази, Европын хоорондын яриа хэлцээнд хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, төрийн бус байгууллагууд болон бусад сонирхогч талуудыг өргөн оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.


Сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад үг хэллээ  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй