Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Батцогт өргөн барьжээ. Хуулийн төслийн гол зорилго нь малчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломжийг нэмэгдүүлэх тухайд юм.
Одоогийн байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа. Харин эдийн засгийн идэвхитэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын хувьд нийгмийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаа юм. Энэ нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцөлийг бүрдүүлж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч тогтмол мөнгөн орлогогүйгээс тэдний маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд буюу тэтгэврийн даатгалд сайн дураар 181.3 мянган иргэн даатгуулсны 32.7 мянга нь малчид байсан байна. Энэ бол нийт малчдын ердөө 11.1 хувь байжээ. Иймд малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэйгээр харин малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.
Ингэснээр 290 мянга орчим малчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болно. Ялангуяа, малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, мөнгөн орлого олох боломж бага байгаагаас болж жил ирэх тусам тоо нь буурч байгаа учраас малчдын нийгмийн хамгаалалд анхаарах нь чухал байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд малчдын дотор 15-34 насны залуу малчдын тоо жил бүр тасралтгүй буурч байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
| Малчдын тэтгэвэр авах боломжийг нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.