![](/uploads/201511/news/thumb/09f09e0d79913fe73eedcb0ffd249607_x3.jpg)
2011 онд Египетэд өрнөсөн Арабын хавар хувьсгалаас хойш тус улс аялал жуулчлалын салбараа эргэн сэргээхийг зорьж байна. Жуулчид Улаан тэнгисийн эрэгт орших Шарм-эль-Шейхийг хямрал мөргөлдөөний бүсээс хол, аялж зугаалахад таатай бүс хэмээн тооцож ирсэн байна.
Харин Шарм-эль-Шейхийн нисэх буудлаас хөөрсөн Оросын онгоц Синайн хойгт сүйрсэн болоод сүйрлийн шалтгааныг Их Британи, Америкийн тал тэсрэх бөмбөг, алан хядагчдын үйлдэлтэй холбон тайлбарлаж эхэлсэн зэрэг нь Шарм-эль-Шейхийг аялал жуулчлалын тохиромжтой бүс гэх хандлагыг эрс өөрчлөхөд хүргэж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Ослын шалтгааныг албан ёсоор хараахан тогтоогоогүй учраас Египетийн аялал жуулчлалын салбар хэр зэрэг хохирол амсах вэ гэдгийг тооцоолох эрт байна гэж үзэх хүн ч байгаа юм. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ тухайд “Египет улс аялал жуулчлалын тэргүүлэх бүс төдийгүй жуулчдыг эргүүлэн татах чадамжтайг бид урьдах жишээнүүдээс харсан. Иймээс Египетийн аялал жуулчлалын салбар энэ удаад хямралд нэрвэгдлээ ч тун удахгүй эргэн сэргэнэ” гэж дүгнэж байна.
Египетийн аялал жуулчлалын сайд Хишам Зазу салбарынхаа ойрын ирээдүйд санаа зовж байгаа ч онгоцны хар хайрцаг дахь мэдээллийг тайлснаар алан хядагчдын дайралтаас болж онгоц сүйрээгүй гэдгийг олон улсад батлах болно хэмээн найдаж байна гэдгээ илэрхийлсэн юм. Аялал жуулчлалын салбар Египетийн ДНБ-ий 13 хувийг бүрдүүлж, нийт ажлын байрны 12 хувийг шууд болон шууд бусаар хангадаг гэх тооцоо байдаг байна.Египетийг зорих жуулчдын тоогоор ОХУ тэргүүлж, Их Британи, Герман зэрэг улс удаалж байна. Өнгөрсөн онд Оросын 2,8 сая, Их Британийн 1 сая, Германы 600 орчим мянган иргэн Египет улсад жуулчилжээ.
Египетийн аялал жуулчлал хямралд орж болзошгүй | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.