Өчигдөр Хятадын дарга Си Зиньпин Тайванийн ерөнхийлөгч Ма Инжоутой Сингапурт уулзлаа. БНХАУ болон Тайванийн удирдагчид 1949 онд Хятадад иргэний дайн дууссанаас хойш албан ёсны уулзалт огт хийж байгаагүй, иймээс энэ уулзалт анхны дээд хэмжээний уулзалт гэдэг утгаараа түүхэн үйл явдал болж байна. СОНИ: Өнгөрсөн 7 хоногт Тайванийн төлөөлөгчийн мэдэгдэж байсанчлан төрийн тэргүүн нар энэ удаа ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсангүй, мөн хамтарсан мэдэгдэл ч хийгээгүй юм.
Си Зиньпиний Сингапурт хийж байгаа төрийн айлчлалын завсар зохион байгуулагдаж байгаа энэ уулзалт яриа хэлэлцээний гол сэдэв нь Тайванийн хоолойд энх тайван байдал тогтоох асуудал байлаа. Энэ тухайд Тайванийн ерөнхийлөгч Ма Инжоу хоёр талын хоорондох зөрчилдөөнтэй байдлыг бууруулахын тулд шууд утсан холбоо бий болгож, санал солилцоог өргөжүүлэх санал дэвшүүлжээ. Сүүлийн үед хурцдаад байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудлыг хоёр тал хөндөөгүй байна.
Түүхийн хуудсыг сөхөхөд, 66 жилийн тэртээ Гоминьдааны нам коммунистуудад ялагдаж, Тайвань арал руу зугтаж, тэнд тусгаар тогтносон Тайвань улс гээчийг байгуулсан. Гэвч Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн. Үүнээс үүдэлтэйгээр хоёр талын харилцаа таагүй байсаар өнөөг хүрсэн юм. Харин Тайванийн одоогийн ерөнхийлөгч Ма Инжоу 2008 онд үүрэгт ажлаа авснаас хойш эдийн засаг, аялал жуулчлалын салбар дахь хоёр талын харилцаа бага ч гэсэн сайжирсан байна.
Тайванийн статусын тухайд хоёр талын ялгаатай байр суурийг харгалзан өнөөдрийн уулзалтын үеэр төрийн тэргүүн нар бие биенээ “ерөнхийлөгч”, “дарга” гэж биш, харин “Си гуай”, “Ма гуай” хэмээн хүндэтгэн дуудаж байжээ. Энэ үеэр тус уулзалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Тайваньд өглөөнөөс хойш үргэлжиллээ. Хятад Тайванийн харилцааг ойртон нягтрахыг эсэргүүцэгч жагсагчид хоёр удирдагчийн зургийг шатааж, Тайванийн парламентын ордон руу дайран орохыг оролдсон байна. Тайванийн хэвлэлүүд уулзалтыг олон өнцгөөс тайлбарлаж байгаа бол, Хятадын коммунист намын төв хэвлэлд “дэлхий нийтээс нижигнэсэн алга ташилт хүртэхүйц чухал үйл явдал боллоо” гэж сайшаан бичжээ.
| Хятад, Тайванийн төрийн тэргүүнүүдийн уулзалт эхэллээ | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.