Канад дах нефтийн ордуудыг АНУ дах нефть боловсруулах үйлдвэрүүдтэй холбох учиртай “Киистөүн” газрын тосны шугам барих зөвшөөрөл олгохоос АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама татгалзлаа. Ерөнхийлөгч өөрийн энэ шийдвэрийг байгаль орчныг хамгаалах үзэл санаагаар тайлбарлажээ.
“Америк одоо дэлхийд манлайлагч болон хувирсан. Бид дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх зорилгын дор шийдвэртэй ажиллаж байгаа. Гэтэл энэ төслийг баталбал, үнэндээ, энэхүү хүчин чармайлтыг тасалдуулсан хэрэг болно” гэж Барак Обама мэдэгджээ. Мөн тэрээр “одоо, цаг байгаа дээр байгаль дэлхийгээ хайрлах шаардлагатай” гэдгийг цохон тэмдэглэж хэлсэн байна. Канадын Альберта мужаас АНУ-ын нутгаар дайруулан Мексикийн булангийн эрэг хүртэл бараг 2000 км-ийн урттай нефтийн хоолой барих гэсэн канадын “ТрансКанада” компанийн хүсэлтийг авч хэлэлцэх үйл явц анхнаасаа АНУ-ын нийгэм дэх дэмжигчид болоод эсэргүүцэгчдийн хооронд улстөрийн ширүүхэн маргаан дэгдээсэн юм.
Түүнийг дэмжигчид Канадын нефтийг АНУ-д нийлүүлсэнээр түлш шатахууны үнэ буурч, олон мянган ажлын байр бий болгоно гэж нотолдог. Харин эсэргүүцэгчид нь нефтийн элснээс нефть олборлох нь байгаль орчинд туйлын сөрөг нөлөөтэй, мөн нефтийн хоолойд гэмтэл осол гарах нөхцөлд хөдөө аж ахуйн эдэлбэр газруудад нөхөн баршгүй гарз учирна гэж үздэг юм. Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан, АНУ-ын томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөгчид болон “ТрансКанада” компанийн захирлын зүгээс эрс шүүмжлэл дагуулж байна. Харин байгаль хамгаалах төрөл бүрийн байгууллагууд Обама ерөнхийлөгчийн байр суурийг талархан дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
| Обама газрын тосны шугам барих зөвшөөрөл олгохгүй | ||
| Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.