Шууд Chart

Болгарт дахин жагсаал боллоо

2015-11-09 15:09:39

Өнгөрөгч долоо хоногт Болгарын Дотоод хэргийн яамнаас албан хаагчдынхаа нийгмийн халамжид зарцуулах зардлыг танах санал гаргасан боловч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар уг бодлогоо татан авахад хүрсэн. Харин тус яамны харьяа байгууллагуудын албан хаагчид Засгийн газрыг энэ асуудлаар үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээ хийн, эцэслэн шийдвэрлэхийг шаардаж Болгарын нийслэл Софи хотноо дахин жагсаж байна.

Жагсаалд Дотоод хэргийн яамны харьяа олон зуун төрийн албан хаагчид оролцож байгаагийн дотор цагдаа нар, хорих газрын харгалзагч, түүнчлэн гал сөнөөгчид хүртэл байгаа юм. Болгарын Дотоод яамны харьяанд нийт 52 мянган албан хаагч бий.

Дотоод хэргийн яам жилийн төсвийнхөө 90 хувийг ажилчдын цалин, нийгмийн халамжид зарцуулдаг байна. Иймээс ирэх онд шинэ техник, тоног төхөөрөмжид илүү хөрөнгө зарцуулах зорилгоор ажилчдын нийгмийн халамж, тэтгэврийг багасгахаар төсвийн хэлэлцүүлэгт оруулсан байжээ. Олон нийтийн эсэргүүцлийн улмаас уг саналаа татаж авч байгаагаа яамны удирдлагууд мэдэгдсэн байна.

Гэхдээ Засгийн газар уг саналыг батлан, хэрэгжүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Тиймээс жагсагчид үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын ажлын хэсгийнхэн тохиролцоонд хүрэхээс нааш эсэргүүцлээ зогсоохгүй гэж мэдэгдэж байна. Тэд мөн Дотоод хэргийн сайд Румяна Бьчвароваг үүрэгт ажлаа  гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж, огцрохыг шаардаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Болгарт дахин жагсаал боллоо  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй